У.Хүрэлсүх: ЖДҮХС-гийн зээлийн асуудал Засгийн газрыг унагах шалтаг болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-30 14:26:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ удаагийн Засгийн газрыг огцруулах асуудал зөвхөн нам хоорондын асуудал гэж харахгүй байна. Үндэсний оршин тогтнохтой холбоотой асуудал. Намууд улс  удирдаж байна гэж би бодохоо больсон. Бүлэглэлүүд намуудыг удирдаж байна. Олон банктай бүлэглэл, Эрдэнэтийг дээрэмдэж авсан бүлэглэл гээд олон бүлэглэл биднийг удирддаг болоод удлаа. Одоо нам ийм шийдвэр гаргалаа гэдгээ больё.  АН шударга ёс, ард түмнийхээ талд байх ёстой. Тиймээс Ерөнхий сайдын хэлж буй Монголын төрд их цэвэрлэгээ хийхийг би дэмжиж байна. Монголын төрийн идээ бээрийг шахна гэдэг нь туйлын зөв. Энэ утгаараа одоогийн Засгийн газрыг дэмжиж байгаа юм. Шуналын туламнуудын байгуулсан хонгилыг нураах цаг болсон. МАНАН-жсан мафжсан төрийг түлхэн унагах цаг ирлээ. Хууль хяналтын байгууллагыг мафын гараас салгахад тэмцээрэй гэж У.Хүрэлсүх сайдад хэлье. Өнөөдөр шүүх, прокурор, АТГ ажиллахаа болилоо. Зөвхөн улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болох нь.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төрийн мөнгөөр арилжааны банкууд бизнес хийдгийг таслан зогсоосон. Үүнийхээ горыг ч амсаж байх шиг байна. Гэхдээ бид энэ ажлыг зогсоохгүй улам ихийг хийнэ. Энд сандарч байгаа гишүүд байгаа. Богд банкинд ипотекийн зээл олгох гэж байна гэж битгий худлаа үндэслэлгүй юм яриарай.  Сангийн яам төсөвт суулгасан ипотекийн зээлийн мөнгийг Монголбанкны мэдэлд шилжүүлдэг. Монголбанк хуваарилалтаа хийдэг. Сангийн яамны зүгээс хөдөөгийн иргэдэд түлхүү зээл өгнө үү гэсэн бичиг явуулдаг.Тиймээс ийм зүйлээр битгий дайр. Би Сангийн сайдаар ажиллаж байгаа үедээ хулгайч нарыг төрийн мөнгө рүү хошуу дүрүүлэхгүй шүү гэдгийг хатуу мэдэгдье.


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хугарлын цэг У.Хүрэлсүх сайдын үед ирлээ.Ягаан цэнхэр тасалбараар төрийн өмчийг хувьдаа авсан. Лиценз нэрээр эх орныхоо баялгийг хувааж идсэн. Энэ олон жилийн хугацаанд монгол төр рүү шуналын нүд, хулгайн гараа явуулсан. Энэ шуналын хүүдий яг энэ цаг үед зад тавьж идээ бээр нь гарч байх шиг байна. Үүний тод жишээ бол ЖДҮХС-гийн зээл юм. Гадаад харилцаагаараа хүртэл улс төр хийдэг болж. Өвөлжилт хүндрэх гээд байна. Олон жилийн дунджаас хүйтэн болно гээд зарлаад байна. Баруун аймгуудад байгалийн гамшиг болж байна. Энд бидний хэрүүл тэмцэлд ард иргэд дургүйцэж байна. Нэг талдаа гарч асуудлаа хурдан шийдэхийг  хүлээж байна. Шударга ёсыг ард түмэн хүсч байна. Тиймээс олон жил бугласан идээ бээрнээс салганаа гээд тэмцэж байгаа Ерөнхий сайдыг би хувьдаа дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: У.Хүрэлсүх бол  сүүлийн 30 жил үгүйлэгдэж буй шударга ёсыг тогтооно гэж хатуу хэлсэн анхны Ерөнхий сайд. Ардчилсан нийгмийг байгуулж байна уу. Эсвэл анархист нийгмийг байгуулсан уу. Яг үнэндээ тахир дутуу ардчилсан нийгмийг л бид  байгуулжээ. Уул уурхайгаа л хараагаад байдаг.Шударга бусаар улс орноо ийм байдалд хүргэсэн улс төрчдийн л буруу шүү дээ. Түүнээс уурхайд буруу байхгүй шүү. Улс орнууд байгалийн баялгаа зөв хуваарилж ирээдүйн өв сандаа хадгалаад ард түмнээ юугаар ч дутаахгүй авч явж байна. Эдийн засгаа өндийлгөж, гацаад байсан үйлдвэрүүдээ барихтай зэрэгцэн шударга ёсыг тогтооё хэмээн ажиллаж байгаа Засгийн газраа унагах гээд байгааг ойлгохгүй юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Галав юулэх гэж байгаа юм шиг л юм болоод байх юм. Парламентын засаглалтай улс орон мөн л юм бол тойрч сууж байгаад саналаа өгөөд шийдчих л дээ.Өнгөрсөн жил бид Засгийн газраа огцруулаад 32:32 болоод талцсан. Шинэ Ерөнхий сайдыг томилох үед би иргэдийн хүсэн хүлээлт байгааг У.Хүрэлсүхэд хэлж байсан. Эрдэнэт, Оюутолгойн луйвар уул уурхайн тараасан замбараагүй олон лиценз гээд нийгэмд алдагдаад байгаа олон асуудлыг цэгцэлж шударга ёсыг тогтоогоорой гэж хэлж байсан. Гэтэл нэг жилийн хугацаанд өнөөх Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн асуудал бахь байдгаараа, ахисан юм алга. Энэ хугацаанд Засгийн газрын  хэдэн нөхдөөс их зүйл гарч байна. Хариуцлага алдсан хүмүүстээ дор бүрт нь хариуцлага тооцоод явсан бол Засгийн газар огцрох асуудлыг хөндөхгүй байсан байх.

УИХ-ын гишүүн: М.Оюунчимэг: Бид энэ хэдэн хоног бие биенийгээ  хангалттай хэмлэлээ. Гэтэл улс орны нөхцөл ямар байгаа билээ. УИХ, Засгийн газар нь ажлаа хиймээр байна. Ялангуяа Засгийн газрын ажлыг УИХ-нь хийлгэмээр байна. Сүүлийн 20 жил нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг ярьсан. Цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрээс салах юмсан гээд олон жил ярьсан. Овоо эдгээр ажил энэ Засгийн газрын үед эхэлсэн. Гэтэл энэ эгзэгтэй үед Засгийн газраа унагаах гээд байж байна. Том том төслүүдийг бүлэглэлүүд зогсоогоод байдаг гэдгийг энэ танхимд орж ирээд мэдэрлээ. Хэзээ бид шатахууны үнийн дарлалаас гарах вэ. Засгийн газрын эхлүүлсэн ажлуудын үр дүн хэзээ гарах вэ гэдийг У.Хүрэлсүх сайдаас асуумаар байна.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс орны амьдрал, ард түмэнд хохиролтой 14 хоног өнгөрч байна. Засгийн газрын асуудлыг шуурхай шийдэж өгөөч гэж удаа дараа шаардсан. Харамсалтай нь улс төржсөөр байгаад энэ хэдэн хоногийг өнгөрөөлөө. Ерөнхий сайд болон Засгийн газар гурван асуудлыг чухалчилж байгаа. Нэгдүгээрт эрүүл хүнсээр ард түмнээ хангая. Дотоодын хэрэгцээг үндэсний үйлдвэрлэлээс хангаад экспортлогч орон болох зорилт тавьсан. Хоёрт нь улс орноо найдвартай эрчим хүчээр хангах асуудлыг дэвшүүлсэн. Гаднаас эрчим хүч авалгүйгээр дотоодоосоо хангахыг чухалчилж байгаа. Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,  10 аймагт ДЦС барьж байгуулах ажлыг эхнээс нь хийж байгаа.Харамсалтай нь завсрын ашиг сонирхол дээрх ажлуудыг зогсоох гэсэн явуургүй аргууд гараад байна. Үүний нэг илрэл бол Засгийн газрыг унагаах гэсэн оролдлого юм. Нефт боловсруулах үйлдвэр барих асуудалд Засгийн газар асар их санаа тавин ажиллаж байна.  Монголчууд энэ үйлдвэрийг 60 жил мөрөөдсөн. Харамсалтай нь бид хийж чадаагүй олон жилийг үдсэн.  Харин одоо энэ ажлыг хийгээд эхлэнгүүт бариулахгүй гэсэн далдын хар хүч үйлчилж байна. Энэ зааланд ч тэр нөхдүүд сууж байгаа. Дээрх томоохон ажлуудыг гацаах шалтгаан хэдэн нөхдөд л бий болохоос нийт ард иргэдэд байхгүй. ЖДҮХС-гийн зээлийн асуудал бол Засгийн газрыг унагаах гэсэн шалтаг нь болж байна.

Холбоотой мэдээ