Иргэдийн зарыг ашиглан 21,250,000 төгрөг залилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-12-04 16:11:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ оны 9-11 дүгээр сарын хооронд Сүхбаатар аймгийн “Мөнххаан сум зар зарлал” нэртэй фэйсбүүк групп дээр иргэдийн тавьсан мал авна, зарна гэсэн зарлал бүхий постуудыг ашиглан залилан хийсэн хэрэг гарчээ. 

Олон нийтийн сүлжээнд зар байршуулсан 7 иргэнээс 21.250.000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат, Улаанбаатар хотод оршин суух иргэн Д нь залилж авсан болохыг тогтоожээ. Сэжигтэн өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан аж. Уг хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Хэргийг шалгах явцад иргэдийн цахим орчинд байршуулсан мэдээ мэдээллийг гэмт этгээдүүд буруугаар ашиглах, фейсбүүкэд байршуулсан мэдээллээр дамжуулан ойр дотно таньдаг хүмүүсийн талаарх мэдээллийг олж авч гар утсаар тэдгээрийн нэрийг барьж ярих, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, банкны гүйлгээгээр иргэдээс мөнгө, төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлддэг болох нь урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэ төрлийн хэргийг хохирогч болсон иргэд 91220077, 80690600 гэсэн дугаарт хандан мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч болно. Мөн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 7051102, 89111881 гэсэн дугаарын утас руу холбогдож мэдээлэл өгч бас өгч  болох юм байна.

Холбоотой мэдээ