Шинжээч: Хятад, АНУ хоёр худалдааны дайнаасаа татгалзах нь нефть, санхүүгийн зах зээлийг тогтворжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2018-12-04 15:32:32
БЭЭЖИН. /TASS/. Хятад болон АНУ хоорондын худалдаа-эдийн засгийн зөрчилдөөний үйл явцыг зогсоож, хоёр орны хооронд худалдааны дайн өрнөхөөс урьдчилан сэргийлэх нь дэлхийн нефтийн болон санхүүгийн зах зээлийг тогтворжуулна. Ийм дүгнэлтийг Хятадын Шанхай хотын нийгмийн шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улсын санхүүгийн судалгааны төвийн захирал Жоу Юй хийснийг тус улсын “Global Times” сонинд нийтэлжээ.

“Олон сарын турш үргэлжилсэн худалдааны маргаан дэлхийн эдийн засгийг ангал руу түлхэж, нефтийн үнэ унахад хүргэснээс гадна, дэлхийн санхүүгийн зах зээл дэх түгшүүрийг нэмэгдүүлсэн” гэж тэрбээр онцлон дурдсан байна. Шинжээчийн хэлснээр, Америк, Хятад хоёрын мөргөлдөөн зогссоныг дэлхийн эдийн засаг цаашид улам доройтохоос урьдчилан сэргийлэх эерэг шинж тэмдэг гэж үзэж болно.

“Хэрвээ худалдааны маргаан улс төрийн зөрчилдөөн болж хэлбэрээ өөрчилбөл дэлхий дахинд гадаад бодлогын аюултай байдал үүснэ” гэж Жоу Юй анхааруулжээ.

Шинжээчийн үзэж буйгаар, хэлэлцээ хийх замаар Хятадтай худалдааны асуудлуудыг шийднэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөж байгаа 90 хоног нь хамгийн сүүлийн үеийн технологийг зээлдэхэд учирч буй хиймэл саад бэрхшээл, оюуны өмчийн эрхийг үр дүнтэй хамгаалах байдал дутмаг болон импортын бараа бүтээгдэхүүн оруулахыг түр хязгаарлаж, ижил төстэй дотоодын бараа бүтээгдэхүүнийг дэмжихэд чиглэсэн гадаад худалдааны бодлогод тулгарч буй саад бэрхшээл зэрэг чухал асуудлуудыг шийдэхэд хэтэрхий богино хугацаа юм. Чухам эдгээр нь Хятад-Америкийн зөрчилдөөний гол хүчин зүйлүүд болохыг тэрбээр сануулсан байна.

Өнгөрсөн бямба гарагт Хятад болон АНУ-ын удирдагчид хоёр орны худалдааны маргааныг зогсоохоор тохиролцсон билээ. Тэд Хятад-Америкийн харилцаанд үүссэн нөхцөл байдлыг тодорхой хэлэлцсэн юм. Одоо хоёр орны харилцааг хөгжүүлэхэд саад тотгорт тооцогдож байгаа зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, оюуны өмчийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах болон сүлжээний гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг гол асуудлуудаар хоёр тал харилцан ойлголцолд хүрэх ёстой. Хэрэв ирэх гурван сарын дотор нөхцөл байдлаас гарах гарцыг олж чадахгүй бол Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан одоогийн 10 хувийн татварыг 25 хувь болгож нэмэгдүүлнэ гэж Вашингтон мэдэгдсэн билээ.
Холбоотой мэдээ