Ц.Нямдорж: АТГ-ын судалгааны үр дүнг төрийн бодлого боловсруулахад ашиглахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-12-04 16:39:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Авлигатай тэмцэх газар, Азийн сан хамтран “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол, практикийн бага хурлыг эрдэмтэн, судлаачид, судалгааны байгууллагуудыг оролцуулан зохион байгууллаа.

Монгол Улс дахь авлигын нөхцөл байдлыг тодорхойлоход судалгаа, шинжилгээ ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, судалгааны аргачлал арга зүй, үр дүн нь бодит байдлыг харуулж чадаж буй эсэх талаар хэлэлцэж цаашид анхаарах асуудлыг тодруулах нь уг бага хурлын гол зорилго аж. Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцэх бөгөөд авлига нэмэгдэж байгаа, эсхүл буурч байгаа эсэх, авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий эсэх, авлигын судалгаануудын арга зүй зөв, бодитой байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцэв.Аливаа нийгмийн үзэгдлийг тоон үзүүлэлтээр хэмжиж байж өнөөгийн түвшин, ирээдүйд хүрэх зорилтоо дэвшүүлэх нь чухал байдаг. Авлигын гэмт хэрэг, зөрчил нь өөрөө далд, гэрчгүй явагддаг тул энэхүү үзэгдлийг хэмжих нь төвөгтэй байдаг. Гэсэн хэдий ч АТГ нь авлигын нөхцөл байдлыг шинжлэх ухааны үндэстэй үнэн зөвөөр тодорхойлох, улмаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, түүнчлэн бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчид, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор 2008 оноос эхлэн хэд хэдэн судалгааг хийж ирсэн байна. АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж бага хурлыг нээж хэлэхдээ: -“Манай судалгааны үр дүнг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд төдийлөн ашиглахгүй байгаа нь нууц биш юм. Харин гадны судалгаа тухайлбал, “Транспэрэнси интернэшнл” зэрэг байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индекс зэрэг судалгаанд ач холбогдол өгдөг нь бид өөрсдөө үндэснийхээ хэмжээнд тооцон гаргаж буй судалгааг сурталчлах чиглэлээр хангалтгүй ажиллаж байгаатай холбоотой байж болох юм. Эсвэл энэ байдал нь зохион байгуулж буй судалгаа олон нийтэд ойлгомжгүй, асуудлыг зөв гаргаж ирэхгүй байна уу? Энэ мэт судалгааны аргачлал, арга зүйгээс эхлэн, судалгааны үр дүн, хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг олон асуултад хариулт олох шаардлагатай байна” хэмээн онцлоод хэлэлцүүлэгт оролцогчдод хандан өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн, идэвхтэй оролцохыг уриалав.Монгол Улс дахь авлигын ерөнхий нөхцөл байдал, иргэд олон нийтийн төсөөлөл, хандлага, шударга байдлын түвшин зэргийг тодорхойлох цөөнгүй судалгааг төрийн болон төрийн бус байгууллагууд явуулж байна. Мөн олон улсын хэмжээнд “Транспэрэнси Интернэшнл” байгууллага Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг дэлхийн улсуудтай харьцуулан жил бүр гаргаж байна. Азийн сангаас “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-г 2006 оноос хойш жил бүр, “Бизнесийн орчин дахь авлигын талаарх ойлголт мэдлэг тогтоох судалгаа”-г 2010 оноос хойш жил бүр зохион байгуулаад байна. Мөн энэ бага хурлын үеэр АТГ-аас зохион байгуулсан Шударга байдлын үнэлгээний 3 дахь удаагийн буюу 2018 оны үр дүнг танилцууллаа. Шударга байдлын үнэлгээг өмнө нь 2015, 2016 онд тооцон гаргаж байсан бөгөөд энэ нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг үнэлдэг нэгэн шалгуур үзүүлэлт болдог юм.



Холбоотой мэдээ