Аудитаар 79.9 тэрбумын зөрчлийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-04 18:11:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн шалгалтаар нийт 79.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг илрүүлээд байна.  

Шалгалтад төсөвт байгууллага нэг, хөрөнгө оруулалтын зардлын данс нэг, төрийн өмчит 28 компани, улсын үйлдвэрийн газар, хороо болон төсөл хэрэгжүүлэгч 8 нэгж, судалгааны баг зэрэг нийт 38 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэн хийсэн байна. Ингээд төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар залруулсан алдаа 28.5 тэрбум, залруулаагүй алдаа 51.4 тэрбум, нийт 79.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил байгааг илрүүлжээ. Аудитын дүнг нэгтгэж, 138 зөвлөмж, 293.6 сая төгрөгийн төлбөрийн акт, 20.678.4 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлээд байна.

Шалгалтад хамрагдсан байгууллагуудаас 29 нь “Ямар нэгэн зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт авчээ. Зөвлөмжийн биелэлтийн нэгтгэлээр 75.2 хувийн хэрэгжилттэйгээр Эрчим хүчний салбарын санхүүгийн тайланг үнэлээд байна.

 

Холбоотой мэдээ