Б.Мэргэн: ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага хүлээлгэх хуулийн орчин хангалттай бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад одоо мөрдөж буй хууль, эрх зүйн орчны хүрээнд ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх боломж байгааг “Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч, хуульч Б.Мэргэн онцлов.
Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан нэр бүхий хуульчдаас санаачлан “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг өнөөдөр МУИС-ийн номын санд зохион байгуулав.
Нэр бүхий хуульчид ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгосон төрийн өндөр албан тушаалтнуудын асуудалд төвлөрөн илтгэл тавьж байв.
Тухайлбал "Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн хуульч Б.Мэргэний саналыг сонсов. Тэрбээр, “УИХ-ын ёс зүйн дүрэмд зааснаар өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудлаар хэлэлцээр хийх, нэр нөлөөгөө ашиглан өөртөө болон бусдад давуу байдал үүсгэхийг хориглосон байдаг. Ёс зүйн алдаа гаргасан гишүүн нь уучлал хүсээд, эсвэл давхар албан тушаалаасаа буугаад л хоцордог. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шийдвэрлэнэ гэж заасан ч УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх талаар хэн санал оруулах заалт байдаггүй.Тэгвэл Прокурорын байгууллага Үндсэн хуулийг хэрэглэх эрхтэй учраас санал оруулах боломжтой гэж харж байна. Хуулийн байгууллага асуудлыг шалгаж байгаа нөхцөлд УИХ-ын ёс зүйн дэд хороо давхар шалгахгүй гэсэн дүрмээр хаацайлан гишүүдийг эргэн татах асуудлыг хэлэлцэхгүй хав дарж өнгөрдөг. Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-гийн асуудалд холбогдсон нэр бүхий 14 гишүүний 6-г нь АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэл байна. Үлдсэн 10 гаруй гишүүнийг УИХ-ын ёс зүйн дэд хороо тусад нь авч хэлэлцээд эргүүлэн татах саналыг Үндсэн хуулийн цэц, УИХ-д оруулах боломж бас бий. Хууль, эрх зүйн нөөц боломжоо ашиглахгүй байж, үндсэн хууль, системийг шинэчлэх шаардлагатай гэж ярих нь утгагүй” гэлээ.
“Авлигын эсрэг хуульчдын нэг алхам” санаачилгын хүрээнд болж буй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин тэргүүтэй хуульчид авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хууль тогтоомжийн шинэчлэл, нөөц боломж, хариуцлагын талаар илтгэлүүд хэлэлцүүлэх бөгөөд төгсгөлд нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх зорилготой аж.