Наранбулаг суманд чөлөөт бөхийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-06 16:11:26

 


   Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-9-ны өдрүүдэд Наранбулаг суманд Улсын заан С.Сүхбаатар агсны нэрэмжит Чөлөөт бөхийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.


Хөдөө орон нутагт анх удаагаа зохиогдож байгаа томоохон тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулахаар Наранбулагчууд эрвийх дэрвийхээрээ хүчээн зүтгэж, бэлтгэл ажлаа сайтар базаажээ. Наранбулаг сумын Засаг дарга Ц.Загдсамбар хувиасаа эмэгтэй багийн шагналыг, Нарангийн хүчтэнүүд дэвжээний тэргүүн Р.Азбилэг эрэгтэй багийн шагналыг хариуцаж байгаа бол тэмцээний 78 ширхэг медалийг Улсын заан С.Сүхбаатар агсны төрсөн дүү С.Батсүх багш дааж авсан байна. Тэрчлэн “Нарангийн залуус” төрийн бус байгууллагын залуус, тус сумын сургуулийн Биеийн тамирын багш С.Банзрагчийн шавь нарын эцэг эх мөн дэмжиж оролцож байгаа аж. Тэмцээний шүүгчээр Монголын чөлөөт бөхийн холбооноос томилогдсон хоёр шүүгч ирсэн байна. Мөн аймгийн БТСГ-аас томилогдсон Улсын шүүгч Ш.Бат-Очир, Т.Буянт, Ж.Оюунпүрэв, Ховд аймгаас Б.Рагчаа нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа аж.


Холбоотой мэдээ