Цэцэрлэгийн багш нарыг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-06 17:17:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 07-нд эхлэх “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад цэцэрлэгийн багш нарыг хамруулахаар боллоо.

Тус сургалтад Чингэлтэй дүүргийн төрийн өмчит бүх цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, дүүргийн болон өрхийн эмнэлгийн эмч, нийгмийн ажилтан, дүүргийн ЗДТГ-ын эрүүл мэнд, боловсрол хариуцсан мэргэжилтэн, хүүхэд, гэр бүл хөгжлийн мэргэжилтэн нарыг хамруулж, сургагч багш бэлтгэх юм.

Эдгээр сургагч багшаар дамжуулан цэцэрлэгийн багш нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр мэдлэг олгож, хүүхэд багачууд төдийгүй тэдний эцэг эх, асран хамгаалагч нарын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх насныхан болон ЕБС-ийн сурагчдын дунд шүдний цоорол өвчин эрс нэмэгдэх болсон. Шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй, хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болж байна.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 2017 онд хийсэн судалгаагаар бага насны хүүхдийн 86 хувь нь шүд цоорох өвчинтэй байсан бол, 14 хувь нь эрүүл гэж гарчээ. Шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныхны дунд 86.1 хувьтай гарчээ.

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт өндөр байгаа нь иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас шүдний өвчин үүсч хүндрэх, шүдгүйдэлд хүрэх, үүний улмаас зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах төдийгүй нийгэмд харилцах өдөр тутмын идэвх алдагдаж, амьдралын чанар буурахад хүргэж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс энэ онд нийслэлийн төрийн өмчит бүх ЕБС-ийн 1-5 дугаар ангийн багш нарыг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад хамруулсан. Сургалтаар дамжуулан нийт 3100 багшийг “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлагаар хангаж, ЕБС-ийн 2018-2019 оны сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийн сэдэв болгон багтаасан юм.

Холбоотой мэдээ