Баянхонгор аймаг олон улсын Чанарын стандартын гэрчилгээгээ хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-12-18 18:41:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн тав дахь аймаг болж, Баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.

Гэрчилгээг гардуулах ёслолын арга хэмжээнд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗГХЭГ-ын ахлах рефрент П.Зоригтбаатар, Стандарт хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхмийн эрхлэгч, профессор, доктор Н.Бурмаа, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага Хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт нарын албаны төлөөлөл оролцов.

Тус аймаг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага Хөтөлбөрийн Орон нутгийн цогц хөгжил түншлэл төсөл, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институттэй 2013 оноос хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 2016 оноос эхлэн аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллажээ. Ингэснээр тус ажлыг Баянхонгор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил жилийн үндсэн чиглэлд үе шаттайгаар тусган ажилласан байна.

Баянхонгор аймгийн ЗДТГ нь чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхдээ хамгийн бага баримт бичиг боловсруулж, хамгийн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, байгуулагад эрсдэлд суурилсан сэтгэлгээг бий болгох зорилго тавин ажиллажээ. Цаашид аймгийн ИТХ-ын ажлын алба, сум, байгууллагуудын үйл ажиллагаанд энэхүү стандартыг нэвтрүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй иргэдэд хүргэх, иргэд болон хэрэглэгч талуудын сэтгэл ханамжийн үзүүлэлтийг дээшлүүлэх зорилготой ажиллаж байгаа аж.

Энэхүү стандартыг нэвтрүүлснээр байгууллагад эмх цэгц бүрдэж, албан хаагчдын ажиллах таатай орчин нөхцөлийг бий болгож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн, сэтгэл ханамж сайжирчээ. Мөн дотоод үйл явцын уялдаа холбоог боловсронгуй, ажлын ачаалал тэнцвэртэй, байгууллагаас гарч буй бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг сайжирч, гадаад, дотоод хэрэглэгч буюу хэлтэс, төрийн байгууллага, иргэдийн сэтгэл ханамж нэмэгдсэн байна.

Сонирхуулахад, 2019 онд тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албан Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг бүрэн нэвтрүүлэхээр, нэг сумын Засаг даргын тамгын газар, нэг байгууллагыг Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллахаар болжээ.

Холбоотой мэдээ