Катар улс ОПЕК-оос гарсан нь нефтийн үнэд нөлөөлөхгүй

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-12-07 18:25:07

Нефть экспортлогч орнуудын байгууллагад /ОПЕК/ 1961 онд элсч байсан Катар улс ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс тус байгууллагаас гарна гэдгээ даваа гарагт мэдэгдсэн нь газрын тос, байгалийн хий олборлох салбарынхны хувьд гэнэтийн үйл явдал боллоо.


“Манай улс ОПЕК-оос гарахаар болсон нь улс төрийн шалтгаантай биш, өөрөөр хэлбэл, Арабын орнуудтай зөрчилдсөнөөс үүдэлтэй биш, энэ бол ердөө техникийн чанартай асуудал, уг шийдвэрийг гаргахаасаа өмнө бид хоёр сар гаруйн хугацаанд сайтар тунгаан бодсон” гэж Катарын Эрчим хүчний сайд Саад аль-Кааби тайлбарласан байна.


Угтаа бол ОПЕК-ийн дүрмийн 8 дугаар зүйлд зааснаар, тус байгууллагаас гарах гэж буй аливаа улс орон нь энэ тухайгаа ОПЕК-ийн ээлжит бага хурал эсвэл чуулганы үеэр мэдэгдэх ёстой аж. Тэгээд ч энэ оны ОПЕК+ буюу ОПЕК-ийн гишүүн ба гишүүн бус орнуудын хэлэлцээрт оролцогч 25 улсын сайд нарын хурал Австрийн Вена хотод пүрэв, баасан гарагуудад болж байгаа билээ. Хурлаар тус байгууллагын төсөв болон ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний дотор олборлолтыг танах тухай асуудлыг хэлэлцэх тул үүнд оролцож цаг алдахгүйн тулд дээрх шийдвэрийг гаргасан гэдгийг сайд аль-Кааби хэлжээ.


1992 онд Эквадор улс, 1995 онд Габон улс “татвар хэт өндөр байна” гэсэн шалтгаанаар ОПЕК-оос гарч байсан тохиолдлууд бий. Харин 2,6 сая хүн амтай Катар улс бол худалдан авах чадварын итгэлцүүрээр тооцсон нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг баян чинээлэг орон учраас ОПЕК-т жил бүр төлдөг татвараас төвөгшөөгөөд тус байгууллагаас гарах гэж байна гэвэл хэн ч үнэмшихгүй. 


Шингэрүүлсэн хий бол нефтиэс чухал   


Сайдын онцлон тэмдэглэснээр, ОПЕК-оос гарах болсон үндсэн шалтгаан нь Катар улс байгалийн хийн олборлолт ба шингэрүүлсэн хийн экспортоо нэмэгдүүлэхэд хүч нөөцөө төвлөрүүлэхээр шийдсэнтэй холбоотой аж. Харин үүний тулд ОПЕК-оос заавал гарах шаардлагатай байсан уу гэдэг нь ажиглагчдын гайхшралыг төрүүлж байгаа юм. ОПЕК-оос хэрэгжүүлж буй зохицуулалтын арга хэмжээнүүд нь зөвхөн түүхий нефтийн олборлолтыг танах эсвэл нэмэгдүүлэхэд чиглэсэн байдаг бөгөөд байгалийн хийн олборлолтод огт хамаагүй билээ.


Гэхдээ юутай ч, катарчууд маш алсыг харсан мэргэн шийдвэр гаргажээ. Учир нь, шингэрүүлсэн хийн дэлхийн зах зээлийн эрэлт 2035 он гэхэд одоогийнхоос 2 дахин өсч, 600 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа ба дэлхийн эрчим хүчний бүтцэд байгалийн хийн эзлэх хэмжээ 23 хувиас 26 хувь болж өснө гэсэн тооцоо бий.  Катар улс 2017 онд нефтийн экспортоос 9 тэрбум доллар олсон бол жилд 77 сая тонн шингэрүүлсэн хий экспортолж байна. 2024 он гэхэд 4 үйлдвэрлэлийн шугамыг шинээр ашиглалтанд оруулснаар экспортын хэмжээг 110 сая тоннд хүргэх зорилт тавьжээ. Ийм нүсэр том төслийг хэрхэн санхүүжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа боловч IPO гаргаж магадгүй байгаа аж.

Ингээд нэг тооцоо хийж үзэцгээе. Нэг тонн шингэрүүлсэн хий нь дунджаар 1380 шоо метр байгалийн хийтэй тэнцдэг гэж тооцвол, 77 сая тонн шингэрүүлсэн хий нь 106 тэрбум шоо метр байгалийн хий болох бөгөөд одоогоор 1000 шоо метр хийн үнэ дунджаар 300-350 доллар орчимд хэлбэлзэж байна.  Тэгэхээр Катар улс шингэрүүлсэн шатдаг хийн экспортоос жилд дунджаар 30 гаруй тэрбум долларын орлого олдог гэсэн баримжаа тоо гарч байна. Харин энэ мөнгөн дүн 2035 он гэхэд 45 хувиар эсвэл хэд дахин өсч магадгүй.    


Катарын шийдвэр нефтийн үнэд нөлөөлөхгүй


“Манай улс ОПЕК-оос гарах нь нефтийн үнэд нөлөөлөхгүй бөгөөд үнэ 70-80 долларын хооронд хэлбэлзэнэ” гэдгийг сайд аль-Кааби онцлон дурдсан байна.


Катар улс ОПЕК байгуулагдсаны дараа жил буюу 1961 онд тус байгууллагад нэгджээ. Тус улс шингэрүүлсэн хийн экспортоор дэлхийд тэргүүлдэг бол нефть олборлолтоор ОПЕК-ийн орнуудын дотор 11 дүгээр байранд ордог байна. Тус байгууллагын 11 дүгээр сарын тайлангаас үзвэл, 10 дугаар сард Катар улс хоногт 609 мянган баррель газрын тос олборлосон нь ОПЕК-ийн орнуудын нийт олборлолтын /32 сая баррель/ 1,85 хувь болж байгаа юм. Харьцуулахад, хамгийн том олборлогч болох Саудын Арави улс мөн хугацаанд нэг хоногт 10 сая 630 мянган баррель нефть олборложээ. ОПЕК-ийн орнуудаас гадна ОХУ, АНУ зэрэг томоохон олборлогчид бий бөгөөд дэлхий даяар хоногт 99 сая баррель нефть олборлодог байна.


Эдгээр тоонуудыг харьцуулан харваас, Катар улс ОПЕК-оос гарах нь дэлхийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд нөлөөлөх магадлал маш бага гэдгийг шинжээчид онцолж байна. Гэхдээ катарчууд ОПЕК-оос гарна гэдгээ мэдэгдсэн даваа гарагт Брент маркийн газрын тосны үнийн өсөлт удааширч, нэг баррель нь 62,09 доллар болсон байна. Энэ нь өмнөх долоо хоногийн баасан гарагийнхаас 2,63 доллароор өссөн үзүүлэлт юм.  


Шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ, Хятадын хооронд дэгдсэн худалдааны дайн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулснаар Катарын шийдвэрээс илүү хүчтэйгээр нефтийн үнэд нөлөөлж байгаа ажээ. Нефтийн зах зээлийн ойрын ирээдүйн төлөв байдал нь олборлолтыг танах эсэх асуудлаар энэ өдрүүдэд Австрийн Вена хотод болж буй ОПЕК+ ээлжит уулзалтын дараа тодорхой болно.


Катарын гаргасан шийдвэрийн нөлөө


Дэлхий даяар жилд олборлож буй нефтийн дөнгөж 0,6 хувийг олборлодог Катар улсын гаргасан шийдвэр газрын тосны үнэд нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ тус улс ОПЕК-оос гарах нь тус байгууллагын дотоодод таарамжгүй байдал үүссэн байж болзошгүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэлээ. ОПЕК-ийн гишүүн ба гишүүн бус орнууд /ОПЕК+/ 2016 онд олборлолтыг танах тухай тохиролцоонд хүрснээс хойш Саудын Арави, ОХУ зэрэг томоохон олборлогчид тус байгууллагад давамгайлах болсноор Катар зэрэг жижиг орнуудын дуу хоолой бараг сонсогдохоо больсон. Иймээс ОПЕК гэдэг байгууллагыг жижиг орнууд сонирхохоо больсон байж магадгүй юм. Хэрвээ Катарын жишээгээр бусад орнууд тус байгууллагаас гарч эхэлвээс нефтийн зах зээлийг зохицуулагч ОПЕК+ хэмээх механизм үр дүнтэй юү гэдэг нь эргэлзээтэй болно. Энэ нь алсдаа нефтийн үнийг өсгөхөд хүргэж магадгүйгээс гадна Ойрхи Дорнодын бүс нутагт үүссэн үл ойлголцол, улс төрийн эрсдэлийг ч нэмэгдүүлж болзошгүй.


Нөгөөтэйгүүр, АНУ-ын зүгээс ОПЕК-ийг эрс шүүмжилж буй үед Катар улс тус байгууллагаас гарч байна. Өнгөрсөн хавар нефтийн үнэ 75 долларт хүрэх үед Ерөнхийлөгч Д.Трамп твиттер хуудсандаа “ОПЕК үнийг хиймлээр өсгөж байна” гэж буруушааж байсан билээ. “Бид их хэмжээний нөөцтэй атлаа ОПЕК-ийн барьцаанд орж байгааг би яагаад ч ойлгохгүй нь” гэж тэрбээр бичиж байв. Түүнээс гадна, энэ оны 5 дугаар сард  No Oil Producing and Exporting Cartels Act (NOPEC) гэдэг нэртэй хуулийн төслийг Конгресст өргөн барьжээ. Энэ нь монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчиж, нефтийн үнийг арга залиар хянаж буй ОПЕК-ийн үйл ажиллагааг хязгаарлах зорилготой бөгөөд хууль батлагдах магадлал өндөр байгаа аж. 


Катарын гаргасан шийдвэр нь тус улс өнгөрсөн онд Арабын орнуудтай сөргөлдсөний улмаас эдийн засаг, худалдааны бойкотонд орж байсантай огт хамаагүй гэж сайд аль-Кааби мэдэгдсэн боловч эл сөргөлдөөн нь дээрх шийдвэрт дам байдлаар нөлөөлсөн байх талтай. Уншигчид сайн санаж байгаа байх, жил хагасын өмнө буюу 2017 оны 6 дугаар сард Бахрейн, Саудын Арави, АНЭУ, Египет, Йемен, Мальдив зэрэг улсууд Катараас дипломат харилцаагаа тасалснаар сөргөлдөөн эхэлсэн билээ. Ингэх болсон шалтгаан нь Катар улс терроризм, экстремизмийг дэмжиж, Арабын зарим орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байсантай холбоотой байв. Тодруулбал, катарчууд “Лалын ахан дүүс”, “Аль-Каида”, “Лалын улс” зэрэг террорист байгууллагуудыг дэмжиж байснаас гадна исламын шашны шиит урсгал давамгайлдаг Иран улстай нягт холбоо тогтоосон нь эдийн засгийн бойкотонд орох шалтгаан болжээ. Тухайн үед Катарыг чиглэсэн тэнгис, агаарын замуудыг хааж, тус улсын банкнуудын гүйлгээг хязгаарлаж, иргэд болон дипломатуудыг хөөн гаргаж байлаа.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: www.rbc.ru, www.pravda.ru, www.bbc.com

 

 

Холбоотой мэдээ