Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 30,8 хувь өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-08 22:27:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсвийн нийт зардлын гүйцэтгэл 93.9 хувьтай, үүний 45.1 хувийг орон төсвийн орлогоор санхүүжүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноос 30.8 хувиар өслөө гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Тус төсвийн Ерөнхийлөн захирагчийн төсвийн энэ оны нийт орлого ба тусламжийн дүн 56.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.1 тэрбум төгрөгөөр буюу 3.9 хувиар өссөн дүн байна.

- Төсвийн орлогын төлөвлөгөөг оны эхнээс жигд ханган биелүүлэх, татварын өрийг бүрэн хураан барагдуулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулсны дүнд 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр аймгийн төсвийн урсгал орлого 21.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 106.1 хувиар биелж байна гэж аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт ярилаа.

Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн баяр наадмын талбайг шинэчлэн засварлах, Булган сумын гэрэлтүүлэг, тохижилт, Сэлэнгэ сумын соёл, спортын цогцолбор байгуулах зэрэг 20 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

Холбоотой мэдээ