Сүхбаатар сум тамхигүй хот болох аянд нэгдлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-12-10 10:58:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.“Тамхидалтын эсрэг хувьсгал” кампанит ажилд Монгол Улс албан ёсоор нэгдсэн бол өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум “Тамхигүй хот аянд ” нэгдэхээ мэдэгдлээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум энэхүү аянд нэгдсэнээр ажлын байрны дотоод болон гадаад орчныг 100 хувь тамхигүй орчин болгоно хэмээн зарлалаа. Өнгөрсөн зуны 7-р сард Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцын хамт олон Бээжин хотноо болсон “Тамхидалтын эсрэг хувьсгал” кампанит ажлын нээлтэнд оролцож ирснийхээ дараа улсын хэмжээнд тамхидалтын эсрэг хувьсгалыг албан ёсоор зарласан байна. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд тамхигүй орчин бүрдүүлэх аянд 10 аймаг, нэг дүүрэг  нэгдээд байгаа аж.

Тамхины хэрэглээ нь хүний бие эрхтэнд хортой төдийгүй халдварт болон халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсүүдийг бий болгож, хөдөлмөрийн чадвар алдагдуулах, цаашлаад үхэлд хүргэхээс гадна хүрээлэн буй орчинд асар хор хөнөөлтэй болохыг шинжлэх ухаанаар нотолсон аж. Тамхинаас үүдэлтэй өвчнөөр жилд 7 сая хүн нас барж 600.0 мянган хүн дам тамхидалтын улмаас амь насаа алдаж байна гэсэн судалгаа гарчээ. Харин 2013 онд манай улсад явуулсан судалгаанаас үзэхэд дөрвөн хүн тутмын нэг нь тамхи татдаг болохыг тогтоожээ. Гэвч энэ тоо улам өсөх хандлагатай байгаа гэнэ. Иймээс ДЭМБ-аас “Тамхидалтын эсрэг хувьсгал”-ыг дэлхийн улс гүрнүүдэд өрнүүлж эхэлжээ. Сүхбаатар сумын хувьд “Тамхигүй хот” болох аянд 25 байгууллага, 10 аж ахуйн нэгж нэгдэж, идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийллээ.

Эрүүл хот болох хамгийн энгийн алхам нь ухуулга сурталчилгааны ажил байдаг аж. Иймээс нээлтийн үеэр “Тамхигүй ажлын байр”-ны амлалт тунхаг бичгийг засаг захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас тараан өгөх ажлыг зохион байгууллаа. Манай улсад тамхины эсрэг хууль 2013 оны 3-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ. Эл хуулийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд аймгийн төвийн албан байгууллага, хамт олон, сургууль, цэцэрлэг орчин тойрондоо тамхигүй орчныг бүрдүүлж чадсан байна.

Тэгвэл одоо энэхүү аяны хүрээнд гэр бүлийн орчинд хүүхэд багачуудаар нь дамжуулан ухуулга сурталчилгааны ажил явуулах нь зүйтэй хэмээн иргэд үзэж байгаагаа илэрхийлж байв.

Эл үйл ажиллагааг аймгийн ЭМГ-аас Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.  

 

Холбоотой мэдээ