Сум бүр брэнд бүтээгдхүүнтэй болох аян зарлав

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-12-10 20:54:19

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Нэг суурин-Нэг бахархал” аян зохион байгуулж байна. 
Тус аяны зорилго нь орон нутгийн түүхий эд, нөөц баялгийг ашиглан брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, аймгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинэ зах зээл, шинэ түншлэл бүхий олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, өрсөлдөх чадварыг бий болгох, хүн амыг эрүүл аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад чиглэж байгаа юм.

“Брэндээ бүтээ, хамгаал, арчил, үнэ цэнийг нь өсгө” уриатай “Нэг суурин-Нэг бахархал” аяны нээлтийн арга хэмжээ энэ сарын 07-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн ХХААГ-ын Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэдорж болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Энэхүү аяны хүрээнд “Брэнд бүтээгдэхүүн бий болгох, хөгжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж, оролцогчдын брэнд бүтээгдэхүүний тухай ойлголтыг бататгаж, брэндийн онцлог, мөн чанар, зарчим, засаглал, түүний онцлог, үйлдвэрлэгчдийг идэвхжүүлэх арга замын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад нөлөөлөх гол хүчин зүйлс, тэдгээрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, боломж, оролцоо, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн сайн туршлагуудын талаар санал солилцов. 
“Нэг суурин-Нэг бахархал” аяны хүрээнд сум бүр өөрийн бахархалт бүтээгдэхүүнийг нээн илрүүлэх бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг өргөжүүлэн хөгжүүлэх, сурталчлах, урамшуулах, нээлттэй өдөрлөг зохион байгуулах, тухайн аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тайлагнах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, оролцоог хангасан сумдыг шалгаруулах юм. Мөн ирэх  2019 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдөр хүртэлх хугацаанд “Нэг суурин-Нэг бахархал” аяны шилдгийн шилдэг “Брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ