“Хаан шонхор”-ын эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-10 20:57:24

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий нутгийн Оны шилдгүүдийг тодруулах "Хаан шонхор-2018" тэргүүн ёслол  боллоо. Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр дөрвөн номинацид шилдгүүдээ тодруулан өргөмжилсөн байна.

"Оны шилдэг Амжилт" -ын эзнээр Цэнхэрмандал сумын харъяат, МУГТ, Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн аварга, ДАШТ-ний мөнгөн медальт, Цэргийн дэлхийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, Алдар спорт хорооны тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд,

Оны шилдэг оюуны бүтээл”-ийн эзнээр Галшар сумын уугуул Монгол Ардын армийн зургаадугаар морьт дивизийн захирагч, эрэлхэг дайчин хошууч Ч.Шаарийбуугийн түүхэн гавъяаг дэлгэцэнд мөнхөлсөн "Эрэлхэг хүүгээ эх орон мартахгүй" бүрэн хэмжээний баримтат уран сайхны кино бүтээлээрээ Галшар сумын харъяат, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, "Хасу мегаватт" ХХК-ийн Ерөнхий захирал Жамъяансүрэнгийн Түмэн-Аюуш,

"Оны шилдэг Нутгийн зөвлөл" - өөр Бэрх хотын нутгийн зөвлөл,

"Оны шилдэг Төсөл" -ийн эзнээр "Сэрсэн тал -2018" дуу хөгжмийн наадам төслөөрөө Жаргалтхаан сумын харъяат Монгол Улсын төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Чингис хааны одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав тодорч шагналыг түүний хүү Ш.Саруул гардан авлаа.

"Чингис хааны өвийг түгээн дэлгэрүүлэгч" шагналыг энэ оноос тодруулж эхэлсэн бөгөөд энэ шагналын эзнээр Мөрөн сумын харъяат "Цагаан шонхор холдинг" ХХК-ийн Ерөнхий захирал Чимэдийн Энхтайван тодорчээ.

 

 

Холбоотой мэдээ