"Эрхээ хамгаалахад хэн ч балчирдахгүй" бүтээл дэд байрт шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-10 13:18:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЭҮК-оос "Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зураг, шторкийн уралдааны шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулав.

ХЭҮК-оос зохион байгуулсан хүний эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлыг хөндсөн бүтээлээр өрсөлдсөн тус уралдаанд шүүгчдийн санал, олон нийтийн сүлжээн дэх хандалтын тоог харгалзан шалгаруулав.

Гэрэл зургийн төрөлд 60 орчим бүтээл ирснээс тэргүүн байрт А.Баттулгын "Цагаан сарнай", удаах байрт “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Г.Аргуужин "Монголын сайхан залуу тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй залуусыг оролцуулах болсон тухай", гутгаар байрт Гэрэл зурагчин М.Нямсайхан "Хүүхдийн мөрөөдөл биелдэг буюу нисэхийн гүүрний бүтээн байгуулалт" зэрэг  гэрэл зургийн бүтээл шалгарчээ. Харин тусгай байрын шагналд гэрэл зурагчин Э.Харцага, Д.Давааням, З.Энхбаяр, А.Чимэдцэрэн нарын бүтээл тус тус шалгарсан байна.

Телевизийн шторкийн төрөлд 5 бүтээл ирсэн бөгөөд тэргүүн байр эзлэх хэмжээний бүтээл ирээгүй гэж шүүгчдийн зүгээс үзжээ. Тиймээс тусгай байрын 2 бүтээлд тэргүүн байрын шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна.

Дэд байрт NTV телевизийн сэтгүүлч Ц.Анхзулын "Эрхээ хамгаалахад хэн ч балчирдахгүй" бүтээл шилдэг байрын шагналыг орлож, гутгаар байрт Дархан-Уул аймгийн “Хүний эрхийн дэмжих бүлэг” НҮТББ-ын "Хөгжлийн бэрхшээл бол орчны бэрхшээл юм" бүтээл тус тус шалгарав. Харин энэ төрлийн тусгай байрын шагналд “Эсрэг ертөнц” багийн "Хууль таныг хамгаална" бүтээл, С.Билгүүн "Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх боломжтой" зэрэг бүтээлээр шалгарлаа.

Хэдийгээр ХЭҮК-ын фэйсбүүк хуудас дахь бүтээлд өгсөн олон нийтийн хандалтын тоог харгалзахаар төлөвлөсөн боловч шалгарсан бүтээлийг цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглах тул хүний эрхийн боловсрол, соёлыг агуулсан, дуу, дүрсний чанар, бүтээлч хандлага, уралдааны удирдамжид тодорхой заасан хүний эрхийг хүндэтгэхийг уриалсан, хүний эрхийн зөрчлийг арилгахад оролцсон бодит жишээ, бодит үйл явдал, хичээл зүтгэлийг үнэлсэн шүүгчдийн үнэлэмжийг түлхүү анхаарах шаардлагатай байсан гэж ХЭҮК-ын төлөөлөл хэлж байв.  


Холбоотой мэдээ