Японд Huawei болон ZTE компанийг төрийн худалдан авах ажиллагаанд оролцохыг хориглов

Дэлхийн мэдээ | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2018-12-10 16:05:28
ТОКИО. /TASS/. Японы эрх баригчид Хятадын Huawei болон ZTE компанид засгийн газартай гэрээ хэлцэл байгуулах хүсэлт гаргах болон улсынх нь нутаг дэвсгэрт төрийн худалдан авах ажиллагаанд оролцохыг хориглосон тухай шийдвэрийг кибер аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны үеэр гаргасан тухай Киодо агентлаг мэдээлжээ.

Хятадын ухаалаг утаснуудын аюулгүй байдал, мэдээллийн нууцлал хамгаалалттай холбоотой асуудалд Японы Засгийн газар болгоомжилж байгаа учир ийм шийдвэр гаргасан байна. “Бидний хувьд мэдээлэл хулгайлахад ашиглаж магадгүй болон мэдээллийн системийг устгах эсвэл ажиллагаанд нь саад учруулахуйц хөр хөнөөлтэй үйлдэл бүхий тоног төхөөрөмжүүдийг худалдаж авахгүй байх нь маш чухал” гэж Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга хэлсэн байна. Гэхдээ тэрбээр компаниудыг тодорхой дурдаагүй бөгөөд Киодо агентлагийн мэдээлснээр, энд юуны өмнө чухам Huawei болон ZTE компанийн тухай яригдаж байгаа аж.

Тус хоёр компани хоёул АНУ-д хэдэн сарын турш асуудалтай тулгарч байгаа юм. Өнгөрсөн зун Америкийн эрх баригчид тоног төхөөрөмжөө улсын байгууллагуудад нь нийлүүлэхийг тус хоёр компанид хоригложээ. Тэднийг мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүй гэж буруутгаснаас гадна Умард Солонгос болон Иранд авсан хоригийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. ZTE компанийн удирдлагууд АНУ-ын эрх баригчидтай гэрээ байгуулж, компанийн хувьд голд тооцогддог тус улсын зах зээлд үйл ажиллагаагаа сэргээхийн тулд шилдэг менежерүүдээ өөрчилсөн байна.

Huawei-н санхүү хариуцсан захирал бөгөөд тус компанийг үүсгэн байгуулагчийн охин Мэн Ваньжоуг Канадад баривчилсан тухай 12 дугаар сарын эхээр мэдээлсэн билээ. Түүнийг Ираны эсрэг авсан Америкийн хориг арга хэмжээг зөрчсөн гэх хэрэгтэй холбогдуулан АНУ-ын талын хүсэлтээр баривчилсан юм. Ваньжоу эрүүл мэндийн асуудлын улмаас барьцаагаар суллагдах хүсэлтийг гаргасан байна.
Холбоотой мэдээ