Баруунтуруунд үр тарианы агуулах, гурил тэжээлийн үйлдвэр байгуулах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-12 16:04:35


   Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сум энэ жил 13.91 мянган га талбайд тариалалт хийж, 17.438 мянган тонн үр тариа хураан авч, сүүлийн жилүүдэд байгаагүй арвин ургац авсан бахдам амжилтыг газар тариалангийн салбарт гаргасан байна. Мөн 3800 гаруй талбайд уриншийн боловсруулалт хийж, 3200 тонн байгалийн хадлан бэлтгэн өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ

Сумын тариалан эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн санхүүжилтээр 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж усалгаатай газар тариаланг сэргээх, үр тарианы агуулах үтрэмийг сэргээн шинэчлэх, техник технологийн шинэчлэлт хийх, үр бордоог орон нутгийн онцлогт тохируулан сонгож хэрэглэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч тариалсан талбайд ургацын хэмжээ өсөх үндэслэл болсон байна. 
“Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болох манай суманд ургац хадгалах агуулах барих, гурил тэжээлийн томоохон үйлдвэр байгуулах, будааны борлуулалтад төрийн зохицуулалт хийх, техник технологийн шинэчлэлт, услалтын систем байгуулах, тариалан эрхлэлтийг дэмжсэн томоохон аян төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг шинэчлэлт, зохицуулалтууд нэн яаралтай хийх шаардлагатай байна” хэмээн тус сумын Засаг дарга С.Лхагвасүрэн хэллээ.


Холбоотой мэдээ