"Анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн-140" үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-12 17:30:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэлмий нээж, сүүдэр гийсний 140 жил тохиож байна. Түүхэн нэрт зүтгэлтэн энэ хүний мэндэлсний ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон “Сайн ноён хаан” сан хамтран үзэсгэлэн гаргаж байна. Түүнийг Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган хамгаалах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн зүтгэлтнүүдийн нэг, анхны Ерөнхий сайд гэдгээр нь бид мэднэ. Харин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн гэрэл зураг,  тэмдэглэл, эдэлж хэрэглэж байсан зүйл нь төдийлөн ил байдаггүй. Монголын Үндэсний музейд  нээсэн “Монгол Улсын Анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн-140” нэртэй үзэсгэлэнд архивын баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино, эд өлгийн гэх мэт 150 орчим ховор үзмэрийг дэлгэжээ. Эдгээрээс Сайн ноён хан аймгийн ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл, Сайн ноён ханы хошууны нутгийн зураг, Хиагтын гурван улсын гэрээнд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх барих сайдуудад, Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэн болон бусад сайдуудад илгээсэн шифрлэсэн цахилгаан /1914.12.16/, МУ-ын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хэрэглэж байсан дөрвөн бадамтай, дөрвөн хөлтэй тулга,  гарын үсэг болон нэрийн хуудас /1913-1914/  гэх мэт ховор эд өлгийн зүйлсийг эндээс үзэж болно. Таван хэсгээс бүрдэх үзэсгэлэн Сайн ноён хан Т.Намнансүрэн 1911 оноос өмнө Бүгд Ерөнхийлөн сайд болохоос өмнөх үйл явдлын баримт бичиг, Сайн ноён хан Засаг хошууны газрын зургийг дэлгэн харуулснаар эхэлж, хоёрдугаар хэсэгт Сайн ноён хан 1912 оноос Бүгд Ерөнхийлөн захирах яамны сайд болсон тухай түүхэн баримтыг дэлгэсэн бол гуравдугаар хэсэгт Т.Намнансүрэнгийн гадаад харилцаанд оролцож явсан үйл хэрэг, байгуулсан хувь нэмрийг харуулсан баримт бичиг, гэрэл зураг, дөрөвдүгээр хэсэгт 1915 оны Хиагтын гэрээ байсан бол сүүлийн хэсэгт Т.Намнансүрэнгийн гэргийтэйгээ хамт ОХУ-д айлчлахдаа хамт авахуулсан гэрэл зураг болон түүний хүү Авидыгэрэл, дүү Т.Довчинсодном нарын түүхэн ховор гэрэл зургийг үзэгчдийн хүртээл болгожээ. Үзэсгэлэнг сонирхох хүн олон, өдөр бүр хөлтэй байна. Энэ сарын 16-ны өдрийг дуустал үргэлжлэх хугацаанд үзэсгэлэнгийн хаалга нээлттэй байх нь ээ.

Холбоотой мэдээ