Онцгой байдлын газар музейтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-12 16:44:30

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ-ын  үүсэл хөгжил, түүхийн арвин хэрэглэл, баримт материалыг цуглуулан хадгалан хамгаалж, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийнхний залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Албаны музейг байгуулан өчигдөр нээлтээ хийлээ.

Тус Музей нь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах аж.

“Аймгийн ОБГ-ын Албаны музейд ОБГ-ын түүхэн замнал, үе үеийн шилдэг, бүтээлч алба хаагчдын өөрийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилт, гавьяа шагнал, тамга тэмдэгний  дардас, гал сөнөөгчдийн сургалтын видео хальс, аврагчдын хэрэглэж байсан  хувцас, багаж хэрэгсэл, гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд судан улсад энхийг саниулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйлс зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдээд байна. Тухайлбал, түүхэн цаг үед алба хаагчдын өмсөж байсан албаны хувцас нийгмийн хөгжлийг дагаад хэрхэн шинэчлэгдсэнийг харьцуулсан үзмэр, тус албыг удирдаж байсан удирдлагуудын тухайн үед өмсөж хэрэглэж байсан хувцас хэрэгсэл ч мөн багтсан хэмээн аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Б.Баттулга ярилаа.

Холбоотой мэдээ