С.Ариунболд: Эмч нар ажлаа хийж байгаад халдлагад өртөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-12 16:23:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч энэ сарын 11-нд шөнийн 01:10 цагт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үйлчлүүлэгчийн нөхрийн халдлагад өртөж, гэмтэж бэртсэн асуудал олны анхаарлыг ихэд татсан билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд албан ёсоор мэдээлэл хүргэж эмч, эмнэлгийн ажилчдын байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр, ““ХУД-ийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд байна” гэсэн дуудлагын дагуу түргэний эмч гэрт нь очиж үзлэг хийж, эмнэлгийн тусламж үзүүлэх явцад үйлчлүүлэгчийн нөхөр согтууран танхайрч, элдэв үгээр доромжилсон, Тухайн нөхцөл байдалд үйлчлүүлэгчийг зайлшгүй эмнэлэг рүү хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч явах үед нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, түргэн тусламжийн автомашины араас мөргөжээ. Энэ үед үйлчлүүлэгчид тусламж үзүүлж явсан эмч гартаа гэмтэл авч, автомашинд ихээхэн эвдрэл гэмтэл учирсан. Үүгээр ч зогсохгүй, тус үйлчлүүлэгчийг “Ачтан” эмнэлэгт хүргэж өгсөн түргэний эмчийг үйлчлүүлэгчийн нөхөр хэл амаар доромжилж заналхийлсэн" гэв.

Мөн тэрбээр мэдээлэл хийж буй гол зорилго бол эмч, эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтуу болон янз бүрийн авиртай улсын халдлагад өртөх эрсдэл өндөр байдаг. Сүүлийн 6 сарын хугацаанд эмч нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь дайрах, цохиж  зодох асуудал цөөнгүй гарсан. Тиймээс цаашид ажлаа хийж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын биед хүрэх, хэл амаар доромжлох муу жишиг тогтох вий. Түргэн тусламжийн төвийн хувьд нийт 178 эмч, ажиллагсадтай, түүний 70 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл эмч нар ажлаа хийж явсныхаа төлөө доромжлуулж, халдлагад өртөж байна. Тиймээс иргэд энэ мэт тохиолдолд тайван хүндэтгэлтэй хандахыг хүсч байна” гэв.

Энэ онд тус төвийн 4 эмч ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлчлүүлэгчийн халдлагад өртсөн бөгөөд уг асуудлыг өдгөө Прокурорын байгууллага шалгаж байгаа аж.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ