ШШГБ-ын 84 алба хаагч орон сууцтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-13 11:20:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  84 алба хаагчийн гэр бүлд орон сууцны түлхүүр гардуулах ёслол болов.

Энэ сарын 11-нд болсон ёслолд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, тус яамын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, барилгын ажлыг гүйцэтгэсэн "Цээб" ХХК-ны ерөнхий захирал П.Энхтайван тус орон сууцанд орж буй алба хаагч тэдгээрийн гэр бүлийнхэн оролцов.

Арга хэмжээний нээлтийн үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ, "Орон сууцны түлхүүрээ гардан авах гэж буй алба хаагч, та бүхний гэр бүлд эрүүл энх, сайн  сайхан амьдрахыг хүсэн ерөөе. Барилгыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулж, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ая тухтай орчинд амьдрах, ар гэртээ санаа зоволгүй албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаад таатай байна. Хууль зүйн салбарын хэмжээнд 2200 гаруй алба хаагчдыг орон сууцанд хамруулсан. Цаашид  ч энэхүү ажлыг үргэлжлүүлнэ" гэв. 

Тус байрны 47.13 м2 орон сууцыг мөн албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан 415 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчийн 6 хүүхэдтэйгээ өрх толгойлон үлдсэн эхнэрт нь олгов.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр жил бүр тодорхой бодит ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд 2006 оноос хойш нийслэлд 758, хөдөө орон нутгийн 16 аймагт 571, нийт 1329 айлын  орон сууцыг тус тус барьж ашиглалтад оруулжээ.


Холбоотой мэдээ