Б.Ариунболд: Чуулганд оролцохгүй байгаа гишүүд үндсэн хууль зөрчиж байна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-13 15:46:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргыг огцрох хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлээд байгаа нэр бүхий 40 гишүүн Үндсэн хууль зөрчиж байгаа талаар өнөөдөр хуульч Б.Ариунболд мэдээлэв.

Тэрбээр, “УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан чуулганы хуралдаанд суухгүй байгаа гишүүд төрийн эрх барих дээд байгууллагын  үйл ажиллагааг тасалдуулж, Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хууль, УИХ, дэгийн тухай хуулиар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байхад эрхзүйт төрийн үндсэн зарчмыг алдагдуулж байна. Үндсэн хуульд УИХ-ын даргыг 4 жилийн хугацаатай сонгодог бөгөөд хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулж болно хэмээн заажээ. Харин өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүд өөрсдөө УИХ-ын даргыг огцруулах санал гаргаж хэлэлцдэг хуулийн зохицуулалт байхгүй. Хуульд байхгүй зүйлийг хүчээр шийдэх гэж  оролдож буй нь Үндсэн хуульд нийцэхгүй. Эдгээр 40 гишүүн 2016 оны 7 дугаар сарын 5-нд УИХ-ын тухай хуулийн 6.2-т зааснаар төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангарагласан. Гэвч тэд тангарагаасаа няцаж Үндсэн хууль, дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийг зөрчиж байна. Тухайлбал, Дэгийн тухай хуулийн 4.10-т "Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн хуралдаанд оролцохгүй байхыг хориглоно" гэж заасан байдаг. Гишүүдийн саналаар УИХ-ын даргыг огцруулах хуулийн хэм хэмжээ байхгүй ч шинээр хуулийн төсөл боловсруулах замаар шийдэж болно. Тиймээс чуулганд оролцохгүй байгаа гишүүд хуулийн хүрээнд ажлаа хийх шаардлага тавьж байна.  Хэрэв үндсэн хууль зөрчсөн хэвээр УИХ-ын чуулганыг тасалдуулаад байвал Үндсэн хуулийн цэцэд хандана” гэв.


Холбоотой мэдээ