Ваажаа аваргын ном бөхчүү­дийн үнэт гарын авлага болсоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 12:48:55

Ховд аймгийн Спортын ордны өмнөх талбайд Улсын арслангийн хөшөөг сүндэрлүүлэн босгосон байдаг. Хотол олноороо дээдэлдэг, бөхийн жудаг, ёс жаягийг хойч үедээ өвлүүлсэн,  нутгийнхны хэлдгээр “Ваажаа” аваргын тухай  олон сонирхолтой яриа  одоо ч яригдсаар байна.

Ш.Ванчинхүү Дөрвө­дийн үнэн зоригт хан айм­гийн Тариачины зүтгэлт бэйсийн хошуу , одоогийн Ховд аймгийн Буянт су­мын нутаг Хар ус нуурын Цагаан голын “Цагаан тэмээт” гэдэг газар 1909 оны шороон тахиа жил айлын ес дэх хүү болон төржээ.

Ш.Ванчинхүү 17 нас­тай­гаасаа эхлэн орон нут­гийн наадмуудад барил­даж эхлэн, 1930 онд хошууныхаа наадамд 21 настайдаа түрүүлж байжээ.

Мөн тэр ондоо Хэнтий аймагт томилолтоор очиж ажиллаж байхдаа тус аймгийн баяр наа­дамд түрүүлж аймгийн арслан цол авчээ.

Ш.Ванчинхүү 1932 оны Улсын баяр наадамд анх аймгийн арслан цолтой барилдаж 1000 шахам бөхөөс зургаа давж “өсөх идэр заан” цол хүртсэн юм.

1934 онд Ховд айм­гийн­хаа баяр наадамд, харин 1936 оны Улсын баяр наадамд ба­рилд­сан 1024 бөхөөс 7 давж “Саруул сайжрах” чимэг, мөн  ондоо Ховд болон Увс аймгуудын баяр наадамд түрүүл­жээ.

Ш.Ванчинхүү арслан 1950 онд 41 настайдаа аймгийнхаа баяр наадамд зодоглож түрүүлж нутгийн наадамчин олноо баясгаж явсан байна..

Ш.Ванчинхүү арслан өөрийн боловсрол, мэдлэгтээ түшиглэн “Мон­гол бөхийн барил­дааны тухай” ном бичиж хэвлүүлсэн юм. Ялангуяа “Монгол бө­хийн зарим мэх” 1978 он номондоо монгол бөхийн барилдааны олон мэхнүү­дийг дотор нь барьцгүй хаях мэх, цэрвүү барьцны мэх,  лав барьцны мэх гэж үндсэн гурван хэсэг бол­гон хуваасан байдаг. Мөн энэ товхимолд мэхийг яаж хийх ба хариу­лахыг оновчтой тайлбар­лаж, биечлэн хийж байгааг харуулсан фото зургууд­тай тэр нь хойч үеийн бөхчүүдийн ширээний ном болон үлдсэн үнэтэй бүтээл юм. Энэ номуудаа­раа монгол бөхийн барил­дааны хөгжилд гарамгай гавьяа байгуулсан Ш.Ван­чинхүү арслангийн мөн­хийн бүтээл дурсгал болон үлджээ.

Түүний бичсэн “Мон­гол бөхийн зарим мэх” ном өнөө үеийн бөхчүү­дийн үнэт гарын авлага болсоор байна.

Ш.Ванчинхүү арслан­гийн нэр төр хөөцөлддөг­гүй шударга шулуун занг одооч гэсэн олон хүн ба­хар­хан дурсдаг. Түүний шударга зангийн нэгэн жишээг дурдахад: 1936 оны Улсын баяр наадамд наймын да­ваанд Дорнотын Балсан арслантай тунаж барилдан хэн нь хаясан нь тодор­хойгүй хамт унажээ. Бал­сан арслан түүнд тахимаа өгөх гэтэл Ванчинхүү тат­галзаж, би биш та давсан шүү дээ гээд тахимаа өг­чээ. Ийн давсан Балсан арслан тэр жилийн наа­дамд урамтай сайхан ба­рил­даж түрүүлж байжээ.

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ