Сайханы хөтөлд 70 м урт шилэн гүүр барина

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-12-14 14:31:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Сайханы хөтөл”-ийг үзэх аялагчдын цуваа тасралтгүй үргэлжилсээр байдаг юм. Сэлэнгэ дэх хилийн боомтоор дамжин өнгөрөх гадаадын зочид гийчид төдийгүй манай орны иргэд заавал бууж мордоод явдаг газар бол энэхүү “Сайханы хөтөл” билээ.

Тэгвэл энэхүү байгалийн үзэсгэлэн цогцолсон газраа аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх саналаа Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа. “Сайханы хөтөл” аялал жуулчлалын цогцолборын байгууламж нь дөрвөн тэрбум шахам төгрөгийн өртөгтэй босох аж. 2019-2020 онуудыг дамнан гүйцэтгэгдэх эл байгууламж нь шилэн гүүр, морин аялал, явган аялал, жижиг автобусны аялал, брэнд бүтээгдэхүүний худалдаа, бичил банкны үйлчилгээ, бэлэг дурсгалын үзэсгэлэн, кофе шоп, авто зогсоол гэсэн хэсгүүдтэй байх гэнэ. Нийтдээ 24.7 га талбайг эзлэн оршдог “Сайханы хөтөл” цогцолборыг байгуулахад эхний ээлжинд Сүхбаатар сумаас “Сайханы хөтөл” хүртэл 10 км хатуу хучилттай зам тавигдах юм байна. Мөн хил хамгаалах зориулалттай нэг км зам, хил хамгаалах постын байрууд хийгдэх аж. Уг цогцолборыг зорин очсон аялагчдыг “Сайханы хөтөл” аялал жуулчлалын цогцолбор гэсэн хүндэтгэлийн хаалга угтан авах юм байна. Өнгөрсөн 2017 оны байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын АЗШНБоомтоор нийт 1.7 сая орчим тээврийн хэрэгсэл, 7.2 сая орчим зорчигч дамжин өнгөрсөн аж. Иймээс энэ тоо жил ирэх тутам өсөх хандлагатай байгаа учир “Сайханы хөтөл” аялал жуулчлалын цогцолбор тийш  татах, аймагтаа аялал жуулчлалын бодит орлогыг төвлөрүүлэх боломжтойг аймгийн дарга олж харжээ.  Энэхүү цогцолборын аялагч татах хамгийн гол үзмэр нь Сайханы хөтөл дэх хадыг ашиглан барих 70 м-ийн урттай шилэн гүүр байх юм. Энэхүү гүүр нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын асар нарийн судалгаан дээр үндэслэгдэн хийгдэх бөгөөд гишгэхэд хагарч харагддаг сонирхолтой байх гэнэ. Энэ жилийн тухайд судалгааны ажил хийгдэж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ