Эрдэнэхайрхан сум 40 гаруй мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2018-12-16 19:11:04

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Эрдэнэхайрхан суманд 181 өрхийн суурьт 220 мянга орчим толгой мал өвөлжинө. Өнгөрсөн  хавар  сумын  хэмжээнд 48 мянган толгой төл хүлээн  авсан ба  мал  сүргийг зах зээлд  борлуулах, хүнсний  дотоодын хэрэгцээнд 40 гаруй мянган толгой  малыг эдийн засгийн эргэлтэд оруулах  судалгаа байгаа талаар сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Өвөлжилт, хаваржилтын  бэлтгэл ажил  хийх  төлөвлөгөөг эртнээс гаргаж, малчид иргэдэд мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргүүлэн ажилласнаар отор нүүдлийг зэргэлдээх сумуудад болон газрын гарц сайтай нутгуудаар хийснээр малын  тарга хүч сумын дүнгээр 80-аас дээш хувьтай байна.  Мөн сумын  аюулгүйн  нөөцөд 50 тонн өвс, 21 тонн тэжээлийг бэлтгэн Засгийн  газрын  тогтоолыг 71 хувиар биелүүлжээ. Өвс тэжээлийн нөөцөө бүрэн татан авсан, өөрийн нөөц бололцоонд тулгуурлан малчид иргэд 60 тонн гар тэжээл, 20 тонн үйлдвэрийн тэжээл нөөцөлжээ.

Малын маханд антибиотикийн үлдэгдэл шалгах шинжилгээ хийж байна

Эрдэнэхайрхан сум ИТХ-ын шийдвэрээр малчид бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших төлөвлөгөө гарган мөрдүүлж хэвшээд байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд малын маханд антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээний багаж тестийг хэрэглэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нийт бог малын 70 гаруй хувь, бод малын 60 орчим мал антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээнд хамрагдаад байна. Тус сум 363.6 мянган бэлчээрийн талбайтай, 318 малчин өрхтэй ажээ.

Үзэсгэлэнт газруудад хогийн сав байршуулснаар эзэнгүй хог буурчээ

Эрдэнэхайрхан суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт өмнөх оноос 0.9 хувиар  нэмэгджээ.

Энэ онд 47.9 сая төгрөгөөр дөрвөн ажил хийгдэхээр төлөвлөснөөс баяр наадмын зардал, төвлөрсөн халаалтын зураг төслийн ажил, буудлын дотоод тохижилтын ажлуудыг хийжээ. Мөн хог тээвэрлэх автомашины тендер зарлагдаад байна. Тус суманд 2011 оноос хойш нийт 178 сая төгрөг хуваарилагдаж, 101 иргэний төсөлд зээл олгогджээ.  2017-2018 онд 24 иргэнд 158 сая төгрөгийн зээл олгож, одоогоор зээлийн эргэн төлөлт 80 хувьтай байна. Харин шинээр бизнес эрхлэхээр  дэмжлэг хүссэн  иргэд ихэвчлэн  аялал жуулчлал хөгжүүлэх, эсгий, эсгий эдлэл, үсчин, оёдолчин, талх нарийн боовны чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдаж байна. Манай сумын иргэд аймаг орон нутгийн томоохон үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож иргэн бүр өрхийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлж  байгаа гэлээ.

Эрдэнэхайрхан сум 370 ширхэг мод тарьж ургуулжээ

Эрдэнэхайрхан сум нь “Эко Завхан“, “Миний  гоё  сум“ аянд идэвхтэй оролцож бүтээн байгуулалтын 30 гаруй ажлыг хийжээ.

Тухайлбал сумын төвийнхөө өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нэг гудамжийг үлгэр жишээ болгон тохижуулахад найман сая төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. Энэ үеэр 16 хашааг шинэчлэн, 27 хашааны хаалгыг сольж нэг загварт оруулж тохижуулжээ. “Эко Завхан” аяны хүрээнд сумын төвийн нэгдсэн хогийн цэгийг хайс хамгаалалттай болгож, ил задгай хаясан хогийг булж, шинээр суваг ухаж ландфилын аргаар хогоо дарж булж байна. Мөн “Хоггүй  сум” самбар бүхий хогийн сав 30 гаруйг тахилгатай овоо болон байгалийн үзэсгэлэнт газруудад байршуулжээ. Ингэснээр иргэд болон дотоодын аялагчид байгалийн үзэсгэлэнт газруудад ил задгай хог хаягдлыг хаях нь багассан. Тогтсон хугацаанд бид хогийн саван дахь хогийг ачилж тээвэрлэдэг. Мөн сумын төвийн эргэн тойрны гурван километр газрыг байгууллагуудад хуваарилан хариуцуулж, улиралд нэг удаа албан газар, байгууллагын эзэмшил газрын талбайгаас 300 метрт хамрагдах газрын хог хаягдлыг долоо хоног бүрийн баасан гаригт ачуулдаг. Нийтийн их цэвэрлэгээг сар бүр зохион байгуулж хэвшсэнээр эзэнгүй ил задгай хог хаягдалгүй болсон. Сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэд, өндөр настан, хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 120 ширхэг суулгацтай цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Сумын хэмжээнд энэ жил 370 ширхэг модыг тарьж ургуулсан гээд тохижилт бүтээн байгуулалтын багагүй ажлыг хийлээ хэмээн сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ