“Шар хантаазтнууд”-ын шаардлагыг Франц даяар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-17 11:51:46
ПАРИС. /TASS/. Иргэний санаачилга гэж нэрлэсэн бүх нийтийн санал асуулга явуулах тухай “шар хантаазтнууд”-ын хөдөлгөөнөөс тавьсан шаардлагыг Франц даяар хэлэлцэх болно гэж тус улсын Ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгдсэнийг "Echos" сонин уламжилжээ.

“Энэ санаачилгыг эсэргүүцэх шалтгааныг би олж харахгүй байна. Бүх нийтийн санал асуулга нь ардчиллын сайн арга хэрэгсэл байж болох ч ямар ч хамаагүй асуудлаар, ямар ч хамаагүй нөхцөлд ашиглах хэрэгсэл байх ёсгүй” гэж Францын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

“Бид алдаж байжээ. Францчуудыг бид хангалттай сонссонгүй. Тэд улс орныг өөрчлөх хүсэлтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэднийг бид урьдаас татан оролцуулан улс орныг сэргээн босгох ажлаа үргэлжлүүлнэ” гэж Филипп хэлжээ.

“Шар хантаазтнууд” хөдөлгөөнийхөн сүүлийн үед "R.I.C" буюу иргэний санаачилга гэж нэрлэсэн бүх нийтийн санал асуулга явуулахыг тууштай дэмжих болсон байна. Тэд Швейцарь зэрэг улс шиг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон төрийн чухал асуудлуудад ард иргэд нь шууд оролцож, санал өгдөг арга хэрэгслийг бий болгохыг шаардаж байгаа юм.
Холбоотой мэдээ