АН-ын бүлэг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлэх болжээ. Энэ талаар өнөөдөр тус бүлгийн удирдлагууд мэдээлэл хийв.
Уг мэдэгдэлд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа
хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар
шалгуулахыг шаарджээ. Мөн Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан,
хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан
улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан
байна. Улмаар УИХ-ын болоод төрийн байгууллагуудын тасралтгүй ажиллах боломжийг
бүрдүүлэхийг МАН-ын бүлгийн гишүүдээс шаардав. Уг шаардлагыг биелүүлээгүй
тохиолдолд УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад нэр бүхий
гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж ажиллах болно гэдгээ АН-ын бүлгийн
дэд дарга Б.Пүрэвдорж хэллээ.
-УИХ-ын даргыг огцруулах тухай
Л.Оюун-Эрдэнэ гишүүний албан бичигт АН-ын бүлэг гарын үсэг зурах уу?
-АН бол улс төрийн нам. Тиймээс намынхаа дотоод дүрмийн дагуу ажиллана.
Өөрөөр хэлбэл, АН-аас тодорхой шийдвэр гарсаны дараа асуудлыг шийднэ. Намаас
тодорхой шийдвэр ирэхгүй бол гишүүд өөр өөрсдийн үзэл бодлоороо асуудалд хандах
болно.
-Хоёр долоо хоногийн өмнө АН-ын
бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын даргыг огцруулах нь хууль зөрчсөн үйлдэл
гэсэн мэдэгдэл хийж байсан?
-Хүчээр огцруулах тухай ярих нь хууль бус. АН-ын бүлэг бол УИХ-ын даргыг ёс
зүйн хариуцлага хүлээж, өөрөө албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой гэж үзэж байгаа юм.
-Л.Болд гишүүний АН-аас гарах
асуудлыг шийдсэн үү?
-АН энэ асуудлыг одоогоор шийдээгүй байна. Тиймээс Л.Болд АН-ын гишүүн
хэвээрээ байгаа.