Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-18 18:07:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сургалтаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 25 алба хаагч сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны мэдлэг, чадвартай болов.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс санаачлан дээрх сургалтыг Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран зохион байгуулав.  



Цагдаагийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох тохиолдол бүртгэгддэг. Тиймээс алба хаагчид тэдэнтэй дохионы хэлээр ойлголцдог байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль сахиулах үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гомдол мэдээллийг хүлээн авч, илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иргэн цагдаагийн байгууллагын харилцааны гүүр болон бэлтгэгдэж буй эдгээр алба хаагчийг ирэх онд мэргэшүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ