Stratfor: Ази-Номхон далайн бүс нутаг 2019 онд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-12-25 12:20:36

Дэлхийн бусад аль ч бүс нутагтай харьцуулахад Ази-Номхон далайн бүс нутагт хамгийн олон хүн амьдардаг билээ. Тус бүс нутгийн төв нь Номхон далайн баруун эрэгт орших ба түүний бүрэлдэхүүнд Ази тивийн эх газрын зүүн талын орнууд ба эргийн дагуух бүлэг арлууд багтдаг. Эдгээр улс орнуудын дотроос Хятад улсын эдийн засаг XX зууны 2 дугаар хагаст эрчимтэй өссөнөөр тус бүс нутаг дэлхийн эдийн засагт томоохон жин дарах болсон нь өнөөдрийг хүртэл хэвээр хадгалагдсаар байна. Шилжилтийн үедээ байгаа Хятад улс нь тус газар нутагт эртнээс давамгайлсаар ирсэн Америкийн эвсэл холбоог хэр бат бөх вэ гэдгийг туршин шалгаж байна. Шилжилтийн энэ үе шатыг Хятад улс хэрхэн, хэр зэрэг үр дүнтэй даван туулах вэ гэдгээс үүдэн бүс нутаг дахь хүчний тэнцвэр олон жилийн туршид тодорхойлогдох болно.  


2019 ОНЫ ГОЛ ХАНДЛАГУУД 


Хятад улс худалдааны маргаан зөрчлийг даван туулна   


Хятад улс худалдааны асуудлаар Вашингтонтой харьцдаг сувгуудаа хадгалж үлдэхийг хичээх ба үүний тулд Америкийн барааг өмнөхөөс илүү хэмжээгээр худалдан авах, хөрөнгө оруулалтад тавьж буй хориг саадуудынхаа заримыг нь багасгая гэсэн саналуудыг америкчуудад тавих болно. Гэвч эдгээр буулт нь эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх талаар америкчуудын тавьж буй шаардлагад хангахгүй. Үүний сацуу БНХАУ-ын эрх баригчид Хятадын компани, үйлдвэрүүдийн эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээний хариуд мөн адил хориг тавих ба ингэхдээ Америкийн бизнесийнхний эсрэг залхаан цээрлүүлэлтийн хавтгайруулсан арга хэмжээ авахаас түдгэлзэнэ. Түүнчлэн Хятад улс санхүү, автомашины үйлдвэрлэл, эрчим хүчний салбарууддаа гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд төрийн өмчийн салбартаа шинэчлэлийг гүнзгийрүүлнэ. Үүний зэрэгцээ нэн чухал гэж тооцогддог эрүүл мэнд, боловсролын салбаруудад тогтоосон хязгаарлалтуудаа зөөлрүүлнэ.   


Америкийн тавьж буй шаардлагад буулт хийхийг Хятад хүсэхгүй байгаа нь худалдааны маргаан сунжрахад хүргэх төлөв харагдаж байна.


Мэдээллийн технологийн салбарт төрөөс үзүүлж буй дэмжлэгээ багасга гэсэн шаардлагыг АНУ-ын зүгээс Хятадад тавьсаар байх болно. Энэ нь Хятад улс гадаадын технологиос хамаардаг байдлаа багасгахад чиглэсэн хүчин чармайлтаа идэвхжүүлж, нийлүүлэлтийн сүлжээнүүдийг төрөлжүүлэн олшруулахад хүргэнэ. Ингэснээр тус салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Өндөр технологийн салбарт АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт шахалтад Хятад улс буулт хийхийг хүсэхгүй байгаа нь худалдааны маргаан сунжрахад хүргэх нь мэдээж. Үүний зэрэгцээ, хятадууд технологи олж авах, технологийн хувьд өндөр хөгжилтэй Япон, Израиль, Тайвань болон Европын Холбооны  /ЕХ/улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэнэ. Гэхдээ эл үйл ажиллагаа нь Хятадын хөрөнгө оруулалт ба аж үйлдвэрийн тагнуултай холбоотой болгоомжлолоос үүдэн ихээхэн анхаарал татах болно.


Таагүй зүйлд бэлтгэлтэй байхын тулд Хятад улс люкээ хааж байна


Худалдааны дайн сунжрах нь Хятадын эрэг орчмын бүс нутгуудын эдийн засагт /цаашдаа нийгмийн тогтвортой байдалд/ аюул учруулж байгаа учраас өрийн өсөлтийг тогтоон барих, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хэт хатуу шаардлагуудаа Бээжин зөөлрүүлнэ. Үүний сацуу дэд бүтцээ шинэчлэх, өсөлтийг дэмжих үүднээс зээл болон шууд татаасуудыг олгох болно. Экспортдоо хохирол учруулахгүйн тулд Хятадын эрх баригчид юанийн ханшийг маш хянуур зохицуулах ба ингэснээр өсөлт удаашрах хандлагыг зогсоох боломжтой болно. Гэвч өр хуримтлагдаж, орон сууцны зах зээл тогтворгүй болсноос үүдэн зээлийн томоохон урсгал ба валютын ханшийг огцом унагах /девальваци/ аргыг эдийн засгийг урамшуулах хэрэгслийн хувьд бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй.


Хятад улс татвар-төсвийн урамшууллын арга хэмжээнүүд, тухайлбал, хэрэглээг өсгөж, хувийн хэвшлийнхний идэвхийг урамшуулан сэргээхийн тулд татварыг бууруулах арга хэмжээг түлхүү авахад хүрнэ. 


Үүний зэрэгцээ ханшийн тогтворгүй байдлыг зогсоохын тулд валют солилцоо болон “Нэг бүс, нэг зам” санаачилгад хамрагдсан орнуудтай хийж буй худалдаанд юанийг ашиглахыг хөхиүлэн дэмжих болно. АНУ-ын худалдааны шахалтыг сөрөхийн тулд Хятад улс Чөлөөт худалдааны тухай хоёр талын болон олон талт гэрээнүүдийг байгуулна. Тухайлбал, “Энэтхэгийн далай-Номхон далайн бүс нутаг дахь бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл”, Япон болон Өмнөд Солонгостой гурван талт хэлэлцээ явуулж эхэлнэ. Үүний зэрэгцээ “Нэг бүс, нэг зам”-ын дагуух экспортын шинэ зах зээлүүд ба Африкийн зах зээлд нэвтэрнэ.


Энэ үед Зүүн-Өмнөд Азийн хөгжиж буй улс орнууд худалдааны дайны улмаас Хятадыг орхин гарах гэж буй үйлдвэрүүдийг өөрсөд рүү татахад хэдийнэ бэлэн болжээ. Бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд учирч буй эрсдэл ба гадаад санхүүгийн тогтворгүй байдал нь Малайз, Индонез, Филиппин зэрэг зээл ихтэй, урсгал дансны алдагдал ихтэй орнуудад төвөгтэй асуудлуудыг үүсгэнэ.


Ази-Номхон далайн бүс нутаг дахь их гүрнүүдийн өрсөлдөөн


Бүс нутаг дахь Америкийн эвсэл холбоог сулруулахын тулд Хятад улсын зүгээс Япон, Энэтхэг ба АСЕАН-ны гишүүн орнуудтай ойртохын тулд эвлэрэх оролдлогыг үргэлжлүүлэн хийх болно. Үүний сацуу Австралитай ойртохыг хичээнэ. Австралид 4 дүгээр сард болох гэж буй  сонгууль нь хоёр улс зарим талаар ойртоно гэсэн найдварыг төрүүлж байгаа юм. Энэ үед америкчууд Өмнөд Хятадын тэнгис ба Тайванийн хоолой дахь тэнгисийн цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх ба олон улсын байгууллагууд дахь Тайванийн статусыг дээшлүүлэх, байнга зэвсэг нийлүүлэх, тэнгис далайд эргүүл хийх, өндөр дээд түвшний айлчлалууд хийх зэргээр нэгдмэл Хятадын зарчмын эсрэг өдөөн хатгасан үйлдлүүдийг хийнэ.  


АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Өмнөд Хятадын тэнгис болон Тайваний хоолой дахь бүлэглэлээ хүчирхэгжүүлэх ба үүний хариуд Хятад улс цэргийн хүчин чадлаа бэхжүүлнэ.


Үүний хариуд Хятад улс цэргийн номлол ба оператив-стратегийн төлөвлөгөөгөө улам боловсронгуй болгож, тэнгисийн цэргийн ба агаарын цэргийн хүчнийхээ бүтэц, бүрэлдэхүүн, байрлалд өөрчлөлт оруулна. Энэ нь Америкийн цэрэгтэй санамсаргүй байдлаар мөргөлдөөн үүсгэх магадлалыг өсгөх болно. АНУ цэргийн хөлөг онгоцуудаа Тайваний боомтод нэвтрүүлэх зорилготой байгаа. Энэ нь Хятадын зүгээс цэргийн шууд хариу үйлдэл хийхэд хүргэж болзошгүй юм. Япон, Энэтхэг, Австрали улс аюулгүй байдлын салбарт Вашингтонтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боловч Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн хоолойд явуулж буй Америкийн ажиллагаанд оролцохоос түдгэлзэнэ. Тус бүс нутгийн бусад хэсэгт АНУ ба АСЕАН-ы орнуудын хамтарсан хээрийн сургуулилт явагдаж, АНУ, Вьетнам хоёр батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах болсноор бүс нутаг дахь АНУ-ын нөлөө, тэлэлтийг хязгаарлах зорилгоор явуулж буй Хятадын үйл ажиллагаанд саад учруулна.


Умард Солонгосын талаарх нэгдмэл байр суларна


АНУ-ын хувьд 2019 онд Умард Солонгосоор томоохон буулт хийлгэх зорилготой байгаа. Харин Пхеньяны хувьд, сонгуулийн ээлжит мөчлөг эхлээгүй байгаа, Трамп ерөнхийлөгч байгаа үеийг ашиглан өөрт ашигтай зүйлийг аль болох ихээр олж авна гэж найдаж байна.


Шууд дайтах нь асар их эрсдэлтэй учраас талууд яриа хэлэлцээнээс шууд татгалзахгүй. Умард Солонгосын талын хувьд хоригийг сулруулах, энхийн гэрээ байгуулахад ахиц гаргах гэсэн найдлагын үндсэн дээр томоохон амлалтуудыг нэлээд болгоомжтойгоор өгөх болно. Ингэх явцдаа тус улс нөхцөл байдлыг будлиантуулж, хэлэлцээг сунжруулах төлөвтэй. Америкийн одоогийн засаг захиргаа солигдсоны дараа хоёр талын хэлэлцээг цуцлахгүй гэсэн баталгааг гарган өгөхийг Умард Солонгос шаардах болно.   


Хоригийг цуцлах байдлаар америкчууд Умард Солонгост эдийн засгийн "аврах хөвүүр" шидэж өгөх нь юу л бол, гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам Пхеньянд ашигтай тусна, учир нь хоригийг хэвээр байлгах гэсэн олон улсын нэгдмэл байр суурь суларсаар байгаа юм.    


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хориг тавих эрхтэй АНУ-ын зүгээс олон улсын хоригийг цуцлах гэсэн аливаа оролдлогод саад хийж чадна. Харин Хятад, Орос хоёрын хувьд хамтран ажилласных нь төлөө БНАСАУ-ыг урамшуулах хэрэгтэй гэж дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж байгаа юм. Хоригийн асуудлаар байр сууриа нэгдмэл байлгахыг АНУ бусад орнуудаас шаардаж, ухарч буцаж буй улсуудыг буруушааж, Пхеньянтай хамтран ажиллах гэсэн улс орнуудыг хоёрдогч хоригоор айлган сүрдүүлнэ. Хоёр Солонгосын хоорондын харилцаа зөөлөрч, хоригийг цуцлахгүйгээр уг харилцаанд цаашид ахиц дэвшил гарахааргүй болсон нь байдлыг улам түвэгтэй болгож байна. АНУ-ын хувьд нөхцөл байдлыг нухацтай судалсны дараа л хоригийг цуцлах алхам хийж магадгүй. 2019 онд томоохон амжилтаас  бүтэлгүйтэл рүү, бүтэлгүйтлээс буцаад амжилтад хүрэх  дүүжингийн маягийн хэлбэлзэл ажиглагдана. Харин Умард Солонгосын тал тодорохой хэмжээгээр хохирсон цөмийн хөтөлбөрийнхөө нэлээд олон хэсгийг хадгалж үлдэнэ.


“Нэг бүс, нэг зам” санаачилга урагшлан тэлнэ  


Америкийн зах зээлд нэвтрэх нь хүндрэлтэй болсон учраас Хятад улс өмнөхөөс хоёр дахин их эрч хүчээр экспортын шинэ зах зээл ба түншүүдийн эрэлд гарах бөгөөд үүний тулд “Нэг бүс, нэг зам” санаачилгаа ашиглана. Вашингтон гол төлөв Япон, Австрали хоёртой хамтран ажиллах ба Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын амбицийг сөрөн зогсохын тулд эдгээр улсын дэд бүтцэд хөрөнгө оруулах санал тавина. Бээжингийн хувьд, Хятадын санхүүгийн боломж, тогтворгүй байдал, улс төрийн нөлөө ба үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж буй эрсдэлээс болгоомжилж буй түншүүдээ аргадахыг хичээнэ. Түүнчлэн Хятад улс нь Япон, ЕХ-ны орнууд ба Энэтхэгтэй хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар Вашингтоны бүс нутгийн санаачилгуудыг бүтэлгүйтүүлэх ажиллагааг явуулна.  


Японы сэрэлт  


2021 оны эцэс хүртэл өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд Ерөнхий сайд Шинзо Абэ 2019 он дуусахаас өмнө Үндсэн хуулийн шинэчлэл хийхээр оролдоно. Хэрэглээний татвар нэмэгдсэнээс үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгахын тулд иргэний барилга байгууламж барих төсвийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг хөрөнгө оруулалтаар дэмжих, зарим төрлийн бараанд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Орос, Япон хоёр маргаантай байгаа Курилын арлуудын асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлэх боловч Орос ба Барууны улсуудын хоорондын сөргөлдөөн нь тохиролцоонд хүрэх ямар ч боломжийг үгүй хийнэ.


Худалдааны тухайд гэвэл, АНУ-Японы хооронд хийсэн тохиролцоо одоохондоо хэвээр байгаа боловч Вашингтоны зүгээс Токиод хэр зэрэг хүчтэй шахалт үзүүлэх вэ гэдгээс олон зүйл хамаарна. 


Үүний сацуу худалдааны салбарт Америкийн талын санааг зовоож буй асуудлуудыг шийдсэнээр Япон улс тодорхой буултууд хийнэ. Японы хөдөө аж ахуйн салбарт нэвтрэх боломж олго гэсэн АНУ-ын шаардлагууд нь “Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн тухай” гэрээ ба Япон-ЕХ-ны хооронд байгуулсан гэрээгээр тогтоосон тэрхүү хил хязгаарыг давах үед япончууд буулт хийхээ зогсооно. Хэрвээ Вашингтон улам цаашилж, шаардлага тавих аваас энэ нь Японы фермерүүдийн хүчтэй лобби бүлгийн зүгээс хариу алхам хийхэд хүрнэ. Японы хувьд амин чухал гэгддэг автомашины салбарын бүтээгдэхүүнд америкчууд татвар ногдуулахаас зайлсхийхийн тулд хөдөө аж ахуйн салбараа золиосонд гаргах хэрэгтэй юү, үгүй юү гэдэг талаар Токиогийн эрх баригчид эргэцүүлэн бодоход хүрнэ. Япон-Хятадын хооронд ирээдүйд байгуулж магадгүй худалдааны хэлцлүүдэд саад хийх гэсэн АНУ-ын оролдлогыг Токио эсэргүүцнэ.


Бусад таамгууд


-Америк-Хятадын худалдааны дайн нь Вьетнамд эдийн засгийн хувьд ашигтай тусах боловч хоёр их гүрний хооронд эмзэгхэн тэнцвэрийг барьж буй вьетнамчуудын бодлогод хүндрэл учруулна. 


-Хятадад өр хуримтлагдсан нь үндэсний эдийн засгаа дэмжихэд нь эрх баригчдад саад учруулна.


— АНУ, Хятад хоёр хиймэл оюун ухааны салбарт хүчтэй өрсөлдөж буй энэ үед Хятадын мэдээллийн технологийн салбар нь америкчуудыг улам бүр түгшээнэ


Чухал үйл явдлууд  


2019 оны эхлэл. Хятад улсад зах зээлийн эдийн засгийн статус олгохоос Европын Холбоо татгалзсан тухай ба уг шийдвэр нь БНХАУ-ын хувьд ямар сөрөг үр дагавартай болох тухай илтгэлийг Дэлхийн худалдааны байгууллагын ажлын хэсэг нийтэлнэ

-2019 оны эхээр Д.Трамп, Ким Жөн Ун нарын ээлжит уулзалт болж магадгүй.

-1 дүгээр сарын 1. Хятад улсаас импортлох 200 тэрбум долларын бараанд ногдуулах татвараа АНУ 25 хувь болгон өсгөж магадгүй.

-1 дүгээр сарын 14. Худалдааны гэрээ байгуулах асуудлаарх Америк-Японы албан ёсны хэлэлцээ эхэлнэ.

-1 дүгээр сар. “Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн тухай” гэрээний хүрээнд татварыг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлнэ.

-3 дугаар сар. Энэ үед АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан Foal Eagle, Double Dragon, Key Resolve цэргийн сургуулилтууд болдог.

-5 дугаар сарын 18. Энэ өдрөөс өмнө Австралийн Сенатын сонгууль болох ёстой. Харин 11 дүгээр сараас өмнө Төлөөлөгчдийн танхимын сонгууль болох ёстой.

-6 дугаар сарын 28-29. Японы Осака хотод G20-ийн Дээд хэмжээний уулзалт болно.

-8 дугаар сар. Энэ үед АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан Ulchi Freedom Guardian цэргийн сургуулилт болдог.


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://worldview.stratfor.com/article/2019-annual-forecast-geopolitics-intelligence-global-risk,

https://inosmi.ru/politic/20181212/244208695.html

Холбоотой мэдээ