“Мөнгөн сарнай-2018” ёслол шилдгүүдийг тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-27 22:54:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг оны тэргүүн залуу шалгаруулах “Мөнгөн сарнай-2018” ёслолын арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо боллоо.

Энэхүү үйл ажиллагаагаар үндэсний язгуур эрх ашиг, эрх чөлөө, тусгаар тогтнол, тэгш эрх, шударга ёс, эв нэгдэл, хүмүүнлэг чанар, эх оронч үзэл, үндэсний бахархал, даяаршсан сэтгэлгээ гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн үздэг аж. Мөнгөн сарнай ёслолын гол зорилго нь нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх эрмэлзлэл бүхий Монголын залуучуудын хүсэл сонирхлыг илэрхийлэн хамгаалж, улс орны болон нийгмийн хөгжил дэвшилд залуу хүн бүрийн оролцох оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлдэгээрээ онцлогтой юм. Тус арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны нийт 400 гаруй зочид оролцсон байна. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулсан эл ёслолын арга хэмжээ нь таван төрлийн номинациар шилдгүүдээ тодруулсан байна.

Ингээд 2018 оны Спорт, соёл урлагийн салбарын оны тэргүүний залуугаар  Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спорт хорооны тамирчин, Олон Улсын хэмжээний мастер Н.Тогтохбаяр, Эрүүл мэнд, боловсролын салбарын оны тэргүүний залуугаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нэгдсэн хагалгаа, яаралтай тусламжийн тасгийн мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Байгальмаа, хууль, эрх зүйн салбарын тэргүүний залуугаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын бичиг хэргийн эрхлэгч, архивч, цагдаагийн дэд ахлагч Т.Наранбаяр, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний залуугаар “Тамгат нуур” ХХК-ийн захирал Г.Цэндсүрэн, Технологи, дэд бүтцийн салбарын оны тэргүүний залуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөний дарга Б.Мөнхтулга нар тус тус шалгарчээ. 

Холбоотой мэдээ