Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжив.
ОБЕГ-ын даргын А/444 дүгээр тушаалаар энэ сарын 29-ний өдрийн 09.00 цагаас ирэх сарын 2-ны өдрийн 09.00 цаг хүртэл улсын хэмжээнд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгожээ.
Тодруулбал, Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, үүрэг даалгавраар хангах, ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах, төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрүүд нь ОБЕГ-ын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай байнга холбоотой байж түүний удирдлагад ажиллахыг үүрэг болгов. Мөн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм журмыг сахих, нийт бүрэлдэхүүн төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх, аврах, гал унтраах техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж, бэлэн байдлыг хангуулах Пиротехникийн хэрэгсэлтэй зөв харьцах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд сэрэмжлүүлэг хүргүүлэхийг үүрэг болгосон байна.
Түүнчлэн төв, суурин газрын эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг үүргийг өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.