Шинэ оны эхний өдөр 400 мянга орчим хүүхэд шинээр мэндэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-01-02 11:48:08

ВАШИНГТОН. /Xinhua/. 2019 оны эхний өдөр дэлхий даяар 395072 хүүхэд шинээр мэндэлсний дөрөвний нэг орчим нь Зүүн Азид бүртгэгдсэн гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас мягмар гарагт мэдээлэв.


Энэтхэгт 70 мянга орчим хүүхэд мэндэлсэн нь нэгдүгээр сарын 1-нд хамгийн олон нярай мэндэлсэн улсаар тодорсон бол тус улсын араас БНХАУ (45000), Нигери (25000)  улс тус тус жагссан байна. Харин АНУ-д 11 мянга орчим хүүхэд мэндэлжээ.


“Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхий даяар нярайн эндэгдлийн тоо ихээхэн буурсан бөгөөд энэ хугацаанд таван нас хүрэхээсээ өмнө нас барсан хүүхдийн тоо тал хувиар буурсан дүн ажиглагдсан” гэж Хүүхдийн сангийн мэдэгдэлд тэмдэглэжээ.


Гэсэн хэдий ч дөнгөж мэндэлсэн нярайн эндэгдлийн тоо аажмаар өссөөр байгаа бөгөөд таваас доош насандаа нас барсан хүүхдүүдийн 47 хувь нь төрснөөс хойших эхний сардаа нас барсныг тогтоожээ. Түүнчлэн тэдгээр хүүхдийн дийлэнх нь дутуу төрөлт, төрөх үеийн хүндрэл болон үрэвсэл, хатгаа гэх мэт урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчний улмаас нас барсан байна.


Шинээр мэндэлсэн хүүхдүүдийн эндэгдлийг бууруулахын тулд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг сайтар бэлтгэж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангахад туслалцаа үзүүлэхийг НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Шарлотта Петри Горницка олон улсын нийгэмлэгүүдэд уриалжээ. 

Холбоотой мэдээ