Дэлхийн томоохон улс орнуудын удирдагчдын шинэ жилийн мэндчилгээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-02 13:35:02

БЭЭЖИН. /Xinhua/. Дэлхийн улс орнуудын удирдагчид улиран одож буй 2018 оноо үдэж, айлчлан ирж буй 2019 оноо угтах цаг мөчид ард иргэддээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тэд улс орондоо төдийгүй дэлхий дахинд сайн сайхныг хүсэн ерөөжээ.


Дональд Трамп: 2019 он агуу жил байх болно


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ, 2018 онд АНУ-ын түүхэнд олон ололт амжилт гарсныг онцлон тэмдэглээд, ирж буй 2019 он бол америкчуудын хувьд агуу жил байх болно гэжээ.


Мөн тэрбээр АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих тухай төлөвлөгөөгөө өөрчлөөгүй гэж мэдэгдээд, бүх иргэддээ шинэ оны мэндийг дэвшүүлсэн байна. 


Владимир Путин: ОХУ-БНХАУ, ОХУ-АНУ-ын харилцаа


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн мэндчилгээндээ, ОХУ-БНХАУ-ын иж бүрэн түншлэлийн харилцааг сайшаагаад, ирэх онд хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт гүнзгийрнэ гэжээ.


Мөн тэрбээр, ОХУ-АНУ-ын харилцаа нь дэлхийн нийтийн аюулгүй, тогтвортой байдалд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд, АНУ-ын талтай харилцан яриагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.


Си Жиньпин: Сайн сайхан ирээдүйг цогцлооно


Дэлхийн нийтэд сайн сайхан ирээдүйг цогцлоох үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ тэмдэглэжээ.


Сүүлийн 100 жил тохиолдоогүй сорилттой дэлхий нийт тулгарч буй энэ үед БНХАУ итгэл төгс хэвээр байж, бүрэн эрхт, аюулгүй байдлаа хамгаалж, дэлхийд энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгоход чин сэтгэлээр хүчин зүтгэх болно гэж мэдэгдсэн байна.


Мөн Бүс ба зам санаачилгыг идэвхтэйгээр хөгжүүлж, сайн сайхан ирээдүйг цогцлоож, илүү хөгжиж цэцэглэсэн, сайхан дэлхийг цогцлоохын төлөө эргэлт буцалтгүйгээр ажиллана гэж мэдэгджээ. 


Ким Жөн Ун: Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах 


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл ажиллагааг үргэлжлүүлнэ хэмээгээд, АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад хэзээд бэлэн байна гэж хэлжээ.


Мөн Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явцыг үргэлжлүүлж, цаашлаад АНУ-ын тал хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нөхцөлд цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах арга замыг эрэлхийлэх болно гэж онцлон тэмдэглэсэн байна.


Ангела Меркель: НҮБ дахь олон улсын шийдвэр


Германы Канцлер Ангела Меркель шинэ жилийн мэндчилгээндээ, "Герман улс ирэх хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байнгын бус суудал авах гэж байгаатай холбогдуулан энэ хугацаанд бид уур амьсгалын өөрчлөлт, цагаачлалын зохицуулалт болон терроризмтой тэмцэх зэрэг асуудлыг зохицуулахад илүү хүчин чармайлт гарган ажиллана" гэдгээ мэдэгдсэн байна.


Тэрбээр “Brexit-ийн талаар хэлэхдээ, Их Британи Европын Холбооноос /ЕХ/ гарахаас үл хамааран Герман улс тус улстай ойр дотно түншлэлийн харилцагаагаа хэвээр хадгалахыг хүсч байна гэжээ.


Тереза Мэй: Их Британи 2019 онд асуудлуудаа цэгцэлж чадна


Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй шинэ жилийн мэндчилгээгээрээ дамжуулан Brexit-ийн хэлэлцээрийг батлахад саналаа өгөхийг Их Британийн парламентын доод танхимын гишүүдэд уриалсан байна. Учир нь тэрбээр Зул сарын баярын үеэр ЕХ-ны удирдлагуудтай хийсэн хэлэлцээнд ямар нэгэн зөвшилцөлд хүрч чадаагүй юм. 


Мөн тэрбээр, "Их Британи өөдрөг үзэлтэй, итгэл найдвар тээсэн шинэ хуудсыг нээж чадна. Их Британичууд санал зөрөлдсөн асуудлуудыг орхиж, хамт урагшлах хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна.


Эмманюэль Макрон: Шударга үнэн, нэр төр, итгэл найдвар


Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон оны эцсийн уламжлалт мэндчилгээндээ 2019 онд шударга үнэн, нэр хүнд, итгэл найдварыг эрхэмлэхийг Францын ард иргэдэд хүсэн ерөөсөн байна. Мөн төр засгаа сайтар сонсож, яриа хэлэлцээ хийж, хүлцэнгүй байхыг тэрбээр уриалаад, энэ нь хүн бүрийн эрхийг хамгаалахад чухал нөлөөтэй юм гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Ерөнхийлөгч эцэст нь Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд итгэл найдвар хүлээлгэхийг ард түмнээс хүссэн байна.


Шинзо Абэ: Япон-БНХАУ-ын харилцаа, дотоодын сорилтууд


Японы Ерөнхий сайд Шинзо Абэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ, ирэх онд Япон-БНХАУ-ын харилцаа шинэ түвшинд хүрэх болно гэж хэлжээ.


Мөн Японд төрөлтийн түвшин буурсан, насжилт ихэссэн зэрэг асуудлыг зохицуулахаа амлаад, ирэх 10 дугаар сараас эхлэн 3-5 настай бүх хүүхдийг цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах тухай мэдэгдсэн байна.


Лопез Обрадор: Үндэсний шинэчлэл


“Авлигыг үндсээр нь устгаж, улс орноо шинэчилнэ” гэж Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ тэмдэглэжээ.


“Сайн засгийн газрын хамтаар улс орноо шинэчилнэ. Хууль тогтоомжоо мөрдөж, ахиц дэвшил гаргана” гэж Л.Обрадор хэлээд, 2019 оноо өөдрөгөөр угтахыг мексикчүүдэд уриалсан байна. 

Холбоотой мэдээ