Баярын өдрүүдээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 14 хүүхдийг хамгаалах байранд авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-02 15:30:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зохион байгуулсан “Шинэ жил -2018” нэгдсэн арга хэмжээний үеэр гарсан гэмт хэргийн тоо мэдээллийг танилцуулав.

Нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдөр өглөөний 09 цаг хүртэлх хугацаанд зохион байгуулсан бөгөөд ЦЕГ-ын даргын тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн албаны 2 дугаар зэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд алдаа дутагдалгүй ажиллажээ.



ЦЕГ-ын Нийтийн хэв журам хагаалах газрын дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат, “Улсын хэмжээнд хэв журам сахиулах, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр 4028 офицер, 5397 цагдаа, 685 сонсогч үүрэг гүйцэтгэв. Гэмт хэргийн 8158 дуудлага мэдээллийг хүлээн авсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 1110 дуудлагын 960-ыг нь хуулийн дагуу шийдвэрлэлээ.

Бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 1282 иргэнийг эрүүлжүүлснээс 369-ыг нь ар гэр, асран хамгаалагчид нь хүлээн авсан. Зөрчил гаргасан 7286 иргэнийг нийт 239 сая төгрөгөөр торгож, 8 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчилсан.  Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 262 иргэнийг илрүүлэн арга хэмжээ авсан.  Мөн баяр, амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 7 эмэгтэй, насанд хүрээгүй 14 хүүхдийг түр хамгаалах байранд авч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, сэтгэлзүй, хууль эрхзүйн зөвлөгөө өгч ажиллав” хэмээв.



Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд гэмт хэргийн сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажилласан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт буурсан  талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Бүрэнбаатар мэдээлэв. 

Тодруулбал, Хүнийг алах гэмт хэрэг 3 бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 1-ээр буурсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дээрэмдэх 66 хувиар, хулгайлах 75.1 хувиар, Хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг 33.3 хувиар буурсан. Түүнчлэн хүчиндэх гэмт хэрэг 63.6 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 76.6 хувиар тус тус буурчээ. 



НЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн, “Нийслэл хотын хэмжээнд баяр амралтын өдрүүдэд 953 хүнийг эрүүлжүүлж, 23 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Цагдаагийн албан хаагчид 33 гэмт хэргийг шуурхай илрүүлж ажилласан. Өндөржүүлсэн бэлэн байдлын 4 хоногт гэмт хэргийн нийт дуудлага 10 хувиар буурав. Зөрчлийн гэмт хэрэг 25.5 хувиар буурсан үзүүлэлттэй байв. Харин золгүй байдлаар амиа насаа алдсан тохиолдол 39 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өндөр байна. Үүнд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан тохиолдол 3, осгож амиа алдсан хэрэг 1 бүртгэгдсэн. 

Мөн бусдыг дээрэмдэх гэмт хэрэг 53 хувиар, хулгайлах гэмт хэрэг 73 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна" гэлээ.

Гэрэл зургийг: Н.Батбаяр

Холбоотой мэдээ