Энхийг сахиулах ажиллагаанд оролцох Э.Болор-Эрдэнэд Төрийн далбаа гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох дэд хурандаа Э.Болор-Эрдэнэд Монгол Улсын төрийн далбаа гардуулав.
Түүнийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, хурандаа О.Зоригт, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Ган-Эрдэнэ нар өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал түүнд эх орон, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, сахилга ёс зүйг чанд сахин, энхийн манаанд мэргэжлийн ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг захиж амжилт хүссэн юм. Тэрбээр Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаа /UNAMID/-нд үүрэг гүйцэтгэх аж. ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Болор-Эрдэнэ нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн алба хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлж, нутгийн иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах чиглэлээр тухайн улсын болон үүрэг гүйцэтгэж буй бусад орны цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллана.