Ц.Цолмон: Хуулийн төслийг эхлээд УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүд хянаж үздэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-04 14:43:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл болон цаг үеийн асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

- Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төсөл өргөн мэдүүлэх гээд бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар хойшилсон уу?

- Тэгсэн. Хууль тогтоолын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг Хууль тогтоомжийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг би байнга хэлдэг шүү дээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас манайд хуулийн төслийг ирүүлсэн. УИХ-ын Тамгын газар хуулийн төслийн бүрдлийг хянаж үздэг. Тэгээд тухайн төсөл хуулийн төсөл боловсруулах талаарх хуульд заасан шаардлагыг хангасан, холбогдох бусад материалыг хавсаргасан, нэг үгээр бүрдэл нь хангагдсан байна гэж үзвэл өргөн мэдүүлдэг журамтай.

- Төслийг өнөө өглөө өргөн барьсан уу?

- Тийм ээ. Яг хуулиараа бол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад хандах учиртай юм. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад хандана гэдэг нь төслийг Тамгын газрын мэргэжилтнүүд буюу мэргэжлийн хуульчид хүлээн авч үзэж танилцаад, шаардлага хангасан гэж үзсэнээр өргөн барьдаг зохицуулалттай. Түүнээс биш, УИХ-ын дарга руу шууд орж, хууль тогтоомжийн төслөө өгдөг хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Хуулийн дагуу бид бүрдлийг нь хянаж үздэг. Тэгээд болж байна аа гэж үзвэл УИХ-ын даргад хэлээд, хурлын дарга төслийг хүлээн авах тов тогтоодог юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас сая төслийг өргөн мэдүүллээ. Бид хянаад, бүрдэл хангасан гэж үзсэн.

- Хоёр хуулийн төсөл гэсэн мэдээлэл байна, хэдийд хэлэлцэх, хэзээнээс хэрэгжүүлж эхлэх юм бол?

- Бүх юм хуулийнхаа дагуу л явах учиртай. Өргөн барьсан хуулийн төслийг эхлээд Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь шийдэх ёстой. Үүний тулд эхлээд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хуулийн төслийг чуулган, байнгын хороодын хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байх шаардлагатай юм.

-Ирэх долоо хоногт чуулганы хуралдааны ирц хүрэх болов уу?
-УИХ-ын гишүүд улс төрийн шаардлага тавьж, хуралдаа суухгүй байгаа. Ерөнхийлөгч энэ асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөл өргөн барьсан тул гишүүд хуралдаа оролцох байх.

Холбоотой мэдээ