Ч.Мядагмаа: Талийгаачийн гэр бүлийн хүсэлтээр нэвтрүүлгийг цацаж эхэлсэн

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2019-01-04 18:19:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Боловсрол" телевизээс Mongolia’s next top model” нэвтрүүлгийн тухай цахим орчинд ташаа мэдээлэл гарч буй талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Дээрх нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өөрийн амьдардаг байрны 11 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны 10 дугаар сард гарсан. Энэ хэргийн шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллагаас эцэслэн шийдээгүй байхад цахим орчинд янз бүрийн мэдээлэл тархаад байгаа юм.

"Mongolia's next top model" нэвтрүүлгийн продюсер Ч.Мядагмаа, “Нэвтрүүлгийн төслийг 2016 онд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж, эхний дугаар амжилттай дууссан. Өнгөрсөн онд хоёрдахь дугаар эхлээд, одоо үргэлжилж байгаа. Нэвтрүүлгийн дундуур оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бид цахим орчинд ташаа мэдээлэл тарж, олон нийтийг төөрөгдүүлж байгаад албан ёсны тайлбар хийхээр төлөвлөсөн ч өнгөрсөн хугацаанд талийгаачийн 49 хоног хурааж дуусахыг хүлээлээ. Хэсэг хугацаанд нэвтрүүлгээ зогсоогоод, цааш үргэлжлүүлэн цацах эсэхээ талийгаачийн гэр бүлтэй зөвлөлдөхөд, талийгаачийн ээж охиныхоо тэмдэглэлийн дэвтэрт "Миний мөрөөдөл бол next top model болох" гэж бичсэнийг үзүүлж, охиныхоо дүрсийг хасалгүй, нэвтрүүлгийг гаргахыг хүссэн юм" хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.


Харин “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн, "Нэвтрүүлгийн оролцогчид гэр бүл, интернэт орчноос хол нэг байранд хоёр сарын турш хамт амьдарсан. Цахим орчинд гарсан шиг нэгнийхээ аминд хүртлээ бие биенээ үзэн ядсан зүйл байгаагүйг албан ёсоор мэдэгдье. "Боловсрол" телевизээс хуулийн байгууллагын ажилд саад болсон зүйлгүй" хэмээв.


Нэвтрүүлгийн шүүгч, хөтлөгч Д.Нора, “Тухайн хэрэг гарах үед миний бие Хятад улсад ажлаар явж байсан учраас гэрт нь очиж эмгэнэл илэрхийлж чадаагүй. Харин манай телевизийн багийн төлөөлөл очиж эмгэнэл илэрхийлсэн. Биднийг ар гэрийнхэнтэй нь уулзаагүй гэдэг ташаа мэдээлэл цахим орчинд гарсан. Мөн нэвтрүүлгийн оролцогч Одонтунгалаг руу дайрсан мэдээлэл гарч байна. Түүний хувьд талийгаачтай ямар нэгэн өш хонзон байгаагүй. Энэ асуудлаас болж Одонтунгалаг гэрээсээ ч гарахгүй байгаа. Түүнчлэн шүүгч нарыг оролцогчдоо зарж, зуучилдаг байсан гэх мэдээлэл гарсанд маш их харамсаж байна. Цахим орчин дахь энэ бүх ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг та бүхнээс хүсэж байна” гэв.



Мэдээллийн төгсгөлд, нэвтрүүлгийн сурталчилгааны бичлэгт гардаг Ч.Чамин-Эрдэнэ агсны уйлж байгаа хэсгийг нэвтрүүлгээс хассан талаар продюсер Ч.Мядагмаа тайлбарлахдаа, "Нэвтрүүлгийн оролцогч дараагийн шатанд хасагдаж байгаадаа харамсан уйлж байгаа дүрс нь ойр дотны хүмүүсийнх нь сэтгэлд хүндээр тусах болов уу гэдэг үүднээс хассан" гэв.

Гэрэл зургийг: Н.Батбаяр

Холбоотой мэдээ