Алдарт “Хүрэн морь” өнөөдөр үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-01-05 12:43:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн "Хийморь" уран сайхны киног өнөөдөр Corporate Convention Centre”-д нээнэ.


Гурван жилийн хугацаанд бүтээсэн энэхүү киног жүжигчин Г.Эрдэнэбилэг найруулж,  гол дүрд нь 10 настай хүү Ч.Ариунболд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд  жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Ялалт нар тогложээ.

Молор эрдэнэ хэмээн нэрийддэг монгол морины шандас, эх нутагруугаа тэмүүлэх тэмцлийн тухай өгүүлэх эл кинонд Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг орны уран бүтээлчид хамтран ажилласан байна.

Найруулагч Г.Эрдэнэбилэг хэлэхдээ, “Монгол морин туурайгаар дэлхийн талыг тамгалсан шиг, эрдэнэт хүлгээ магтан дуулсан уран бүтээлээрээ  бид яагаад гаднын улс орнуудыг байлдан дагуулж болохгүй байх билээ гэсэн хүсэл зорилгоор хичээж ажиллалаа. Кино зохиол нь мундаг. Тиймээс хүүхэд залууст монгол өв соёлоо таниулан мэдүүлэх, түүх болгон үлдээх зорилгоор “Хүрэн морь”-ийг дэлгэцэнд амилуулж, мөнхөлж байгаадаа олзуурхаж байна. Энэ бол орчин цагийн хүүхэд залууст их сургамжтай, эх орноо бахархан хайрлах, ёс заншлаа танин мэдэхэд тустай кино болсон” хэмээн тодотгов.

Өмнө нь тэрбээр “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” киноны туслах найруулагчаар, “Үргээлэг-2”,“Яллагч” киноны ерөнхий найруулагчаар ажилласан юм. 

Холбоотой мэдээ