Яруу найрагч Б.Баттулга "Болор цом"-ын эзэн боллоо

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-01-05 19:39:02

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  "Боржигин" чуулгад өнөөдөр болсон "Боржигин голомт-Болор цом-36" яруу найргийн наадамд “Талархлын шүлэг” бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тэргүүн байрт шалгарлаа. 

Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй Баттулга найрагч Монголын их утга зохиолд ерээд оныхон гэж алдаршсан яруу найрагчдын төлөөлөл юм.

Тэрээр "Болор цом" наадамд өмнө нь найман удаа тусгай байрт хурдалж байсан бол энэ удаа бүтээл нь "Болор цом-36"наадмын тэргүүн байрыг түүнд авчрав.

Харин аман хүзүүнд  яруу найрагч Би.Баярсайхан, гутгаар байрт яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч Д.Одгэрэл, айргийн тавд яруу найрагч Б.Жамбалдорж шалгарчээ.

 Энэ удаагийн "Болор цом"  яруу найргийн наадам  Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд болж буйгаар онцлог боллоо хэмээн оролцогчид хэлж байсан юм.

Үүний өмнөх өдөр зохиолчид Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилсан “Их соёл-Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд болсон "Уран үгсийн чуулган" зохиолч, уншигчдын уулзалтад оролцож бүтээл туурвилаа хүргэсэн юм. 

Холбоотой мэдээ