“Надад үлдсэн найз” мюзиклыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Монголын мэдээ | Соёл урлаг
gantuya@montsame.mn
2016-03-11 10:15:14

Монгол поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон "Увертюра" хамтлагийн "Надад үлдсэн найз" мюзиклийг энэ сарын 18-нд үзэгчдийн хүсэлтээр Тусгаар тогтнолын ордонд дахин тоглох болжээ. 

Тус мюзиклыг “Увертура” хамтлагийнхан өнгөрсөн нэгдүгээр сарын 21, 22, 23-ны өдөр УДЭТ-ын тайзнаа амилуулж, гурван өдрийн турш танхим дүүрэн үзэгчдийг уйлуулж, догдлуулж бас бишрүүлж чадсан юм.

Амьдралд хөлөө олох гэж тэмцэж яваа залуусын амьдралыг сайн хүний баг зүүсэн хорон санаатнууд яаж сүйтгэж байгааг харуулсан эл бүтээл нь хүн хүнээ хайрлах, өрөвдөх, хүндэтгэх, хүний мөс чанар гэж чухам ямархан дээсэн дөрөөн дээр тогтож байдгийг тод, томруунаар харуулж чадсан учраас үзэгчдийг ийн догдуулсан биз.

Мөн дээрээс нь хамтлагийн залуусын цангинсан хоолой, жүжиглэх ур чадвар гайхалтай байсныг дурьдахгүй өнгөрөөж болохгүй байх. Үүнийг, тоглолт эхлэхээс дуусах хүртэл нижигнэсэн танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт гэрчлэнэ.

Тус мюзиклын продюсер "Увертюра" хамтлаг, зохиолч "Милл" кино компанийн зохиолч Д.Мөнхбат, ерөнхий найруулагч Л.Лхагважаргал, туслах найруулагч Ц.Баясгалан МУСТА, зөвлөх найруулагч Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагч Б.Алтанхуяг, бүжиг дэглээч Д.Ганбаяр, тайзны зураач Т.Түмэн-Өлзий нар ажиллаж байгаа юм. Харин дууны үгийг МУСТА Л.Таванбаяр бичиж, дүрүүдэд "Увертюра" хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б. Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар тоглоно. 

Тоглолтын хамтран зохион байгуулагчаар Төрийн банк, зохион байгуулагч Анир студи, Удиртгал хөгжим ТББ ажиллах юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ