Д.Трамп хана барих асуудлаар ард түмэндээ хандаж үг хэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-08 11:16:18

ВАШИНГТОН. /TASS/. Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих асуудлаар Ардчилсан намынхантай санал зөрөлдөж, төсөв батлагдаагүйн улмаас Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссонтой холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт ард түмэндээ хандаж үг хэлнэ. Энэ тухайгаа тэрбээр Twitter хуудсандаа даваа гарагт мэдээлжээ.


“Үндэсний аюулгүй байдалд учирч буй аюул занал болоод манай улсын өмнөд хил дээрх хүмүүнлэгийн хямралтай холбоотой асуудлаар би ард түмэндээ хандаж мягмар гарагт 21:00 цагт үг хэлнэ гэдгийг та бүхэнд мэдээлж байгаадаа баяртай байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа төсөв байхгүйн улмаас 12 дугаар сарын 22-ноос эхлэн хэсэгчлэн түр зогсоод байгаа юм. Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих хөрөнгө мөнгийг төсөвт суулгах асуудлаар Ардчилсан нам болон Бүгд Найрамдах нам зөвшилцөлд хүрч чадаагүй учир 2019 оны санхүүгийн жилийн төсвийг одоог хүртэл батлаагүй байна. 


Холбоотой мэдээ