Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан түр хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-09 17:42:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны өнөөдрийн хуралдааныг түр хойшлуулсан талаар Ц.Нямдорж гишүүн мэдээлэв.

Тэрбээр, “Дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцэж эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн болон Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир гишүүний мэдээллийг сонслоо. Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа. Маргааш буюу энэ сарын 10-нд Улаанбаатар хотод ирнэ гэсэн мэдээлэл ирүүлсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг тухайн гишүүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж болохгүй. Тиймээс Г.Солтан гишүүнийг ирэх хүртэл дэд хорооны хуралдааныг түр хойшлуулахаар боллоо” гэв.

Холбоотой мэдээ