АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ үр дүнтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-01-10 11:06:34

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ болон АНУ-ын хооронд худалдаа-эдийн засгийн асуудлаар дэд сайд нарын түвшинд нэгдүгээр сарын 7-9-нд хийсэн зөвлөлдөх уулзалт амжилттай болж, ахиц дэвшил гарсан байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яам мэдээлжээ.


“Талууд хоёр орны удирдагчдын хэлэлцэн тохиролцсоны дагуу идэвхтэй ажиллалаа. Бид Хятад, АНУ-ын онцгой анхаарал хандуулж байгаа худалдааны болон бүтцийн шинж чанартай асуудлуудыг өргөн хүрээнд дэлгэрэнгүй хэлэлцсэн” гэж тус яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.


2019 онд хийсэн Хятад-Америкийн худалдаа-эдийн засгийн анхны зөвлөлдөх уулзалт “харилцан санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэхэд” бат бэх суурийг тавих боломж олголоо гэж мэдээлэлд цохон тэмдэглэжээ.


Мэдэгдэлд онцлон тэмдэглэснээр, “талууд хоорондоо нягт харилцаа тогтоон цаашид ажлаа үргэлжлүүлнэ”.  


Хятад-Америкийн хэлэлцээг Бээжин хотод нэгдүгээр сарын 7-8-ны хооронд хийхээр товлосон байсан боловч дахин нэг хоног сунгасан байна. Энэ нь Хятадын дарга Си Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Аргентин улсад болсон Их 20-ийн уулзалтын үеэр хоёр талын худалдааны тэнцвэргүй байдлаас үүдэлтэй зөрчилдөөнийг арилгах эхлэлийг тавих тохиролцоонд хүрснээс хойш буюу өнгөрөгч 12 дугаар сарын эхэн үеэс хойш хоёр орны төлөөлөгчдийн худалдаа-эдийн засгийн асуудлаар хийсэн анхны уулзалт юм.


Холбоотой мэдээ