Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээний тусламжийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-10 17:54:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох  “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-г өнөөдөр байгууллаа. Энэхүү гэрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг гарын үсэг зурав.

Донорын тухай хууль болон журмын хэрэгжилтийг хангах зорилготой энэхүү гэрээг байгуулснаар, манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний тусламж, үйлчилгээг  хүртээмжтэй, чанартай болгох боломж бүрдэнэ. Мөн дээрх эмнэлгүүдийн тархины үхэл тодорхойлох багийн гишүүд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар туршлагаа хуваалцаж байх юм.  

Тархинд цус харвах, осол гэмтлийн улмаас тархи нь бүрэн үхэжсэн нэг донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэрэг эрхтэнийг найман хүнд шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэх боломжтой аж. Түүнчлэн тархины үхэлтэй донор нь яс, нүдний эвэрлэг, арьс зэрэг эдийн донор болдог. Манай улсад тархинд цус харвах тохиолдлууд нэмэгдэж, нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна.



Донорын тухай хуулийг анх 2000 онд батлан, 2018 онд дахин шинэчилсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар, 2018 онд “Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зохицуулах алба”-ыг байгуулжээ. Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрвөл, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж, түүнийгээ гарын үсгээр баталгаажуулах хэрэгтэйг  Донорын тухай хуульд тусгажээ.

Энэ хууль баталснаас хойш тархины үхэлтэй хоёр донороос 9 эд, эрхтэн шилжүүлэн суулгаж, хүний амь нас авраад байгаа аж.

 

Холбоотой мэдээ