Сумдын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгүүд чадавхижиж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-01-11 10:50:02

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт өнгөрсөн жил байгуулагдсан 9 сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 20 гаруй ажлыг сум тус бүртээ зохион байгуулжээ.

Харин аймгийн Онцгой байдлын газраас Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Нөмрөг зэрэг сумдад гамшгаас хамгаалах тухай, галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах, мэдлэг мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтад дээрх сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон тооны бус алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагч, 800-аад иргэн оролцжээ. Тэгвэл өнгөрсөн жил байгуулагдсан 9 сумын “Ерөнхий зориулалтын мэргэжил”-ийн ангийг түшиглэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгүүд сум бүртээ үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа ажээ. Тухайлбал оны өмнөхөн гурван сумын гал түймэртэй тэмцэх хэсэг гал унтраах багаж зэвсэглэмжийг ашиглах болон гал түймэр унтраах дадлага сургуулийг аймгийн Онцгой байдлын газартай хамтран хийжээ. Харин ирэх сард Алдархаан, Дөрвөлжин сумууд гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийнхэндээ дадлага сургуулилтыг дахин явуулах гэж байгаа. Мөн эдгээр хэсгүүд нь иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшиг ослын үед хэрхэн ажиллах, талаарх ухуулга сурталчилгааны ажлыг сум бүртээ идэвхтэй явуулдаг талаар сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ