Илон Маскт Хятадад оршин суухыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-11 13:10:52

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Tesla компанийн тэргүүн Илон Масктай уулзах үеэрээ түүнд тус улсад оршин суух эрх авахыг санал болгожээ. Энэ тухай Төрийн Зөвлөлийн цахим хуудсанд мэдээлсэн байна.


Илон Маск Tesla-гийн үйлдвэрийн барилгын шавь тавих ёслол Шанхай хотод болсны дараа Ли Көцянтай уулзжээ.


“Tesla компанийн Шанхайн үйлдвэр дэлхий нийтэд жишиг болно гэж найдаж байна. Би Хятад улсад маш их хайртай, энд байнга ирэхэд бэлэн байна” гэж Маск хэлсэн байна.


Ли Көцян хариуд нь хэрэв Маск үнэхээр ийм бодолтой байгаа бол түүнд “гадаадын иргэнд олгодог байнга оршин суух эрх” олгож болох юм гэжээ.


“Маш их баярлалаа” гэж Tesla-гийн тэргүүн хариулсан байна.


Тус компанийн үйлдвэрийн барилгын ажлын эхний шат энэ зун дуусна гэж Маск өмнө нь мэдэгджээ. Уг үйлдвэрт Model 3 загварын цахилгаан автомашин угсрахаар төлөвлөсөн байна. Ирэх онд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орох уг үйлдвэрт жилд 500 мянган автомашин угсрах аж.


Вашингтон болон Бээжингийн хооронд өрнөсөн худалдааны дайн болоод Америкийн автомашинуудад гаалийн татвар шинээр тогтоосны улмаас Хятадын зах зээлд Tesla компанийн байдал дордож, 2018 оны гуравдугаар улирлын борлуулалтын хэмжээ эрс буурсан байна.


"Жэньминь жибао" сонинд 2018 онд мэдээлж байснаар, Хятадад оршин суух эрх авах маш хэцүү юм. Ийм эрх авахын тулд алдар нэртэй, эсвэл өөр онцгой шалтгаантай байх ёстой.


2016 оны эцсийн байдлаар болон 2004 он гарснаас хойш Хятадын эрх баригчид 10 мянга орчим “ногоон карт” олгожээ. Ийм эрх авсан гадаадын анхны эмэгтэй бол цөмийн физикч Жоан Хинтон юм. Эрдэмтэн эмэгтэй Хятадад 50 гаруй жил амьдарч байгаа аж. Түүнчлэн эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Роберт Манделл, химийн салбарын Нобелийн шагналтан Курт Вютрих, Бернард Феринга, Америкийн сагсчин  Стефон Марбери нар Хятадад оршин суух эрх авчээ.



Холбоотой мэдээ