ХААИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-11 13:48:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн туганд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламж гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигт, “Мал аж ахуй, ургамал хамгаалал, газар тариалан, мал эмнэлэг, нийгэм, эдийн засгийн чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэж, тус салбаруудыг системтэй, үр өгөөжтэй хөгжүүлэх боломжоор хангаж, сургалт судалгааг хослуулан Монгол Улсын хөдөө, аж ахуйн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш эрдэмтдийн хичээл зүтгэлийг үнэлж Хөдөө, аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.



Ерөнхийлөгч Х.Баттулга тус сургуулийн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, оюутан суралцагч, ажилчдад баяр хүргэж хэлэхдээ, “Тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд суурилсан аж үйлдвэрийн цогцолборыг, гадаад худалдааны зөв зохицуулалтуудыг эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудтай хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн нэн тэргүүний төрийн бодлого болоод байна. Жишээлбэл, арьс ширний салбарын хувьд, Итали, Австрали, Испани зэрэг улсад нэгж арьснаас олох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн нь хамгийн үнэтэй байна.

Малын тоо толгой 70 саяд хүрлээ. Малынхаа орлогыг дагаж амьдардаг 170 орчим мянган өрхийн амьдрал баталгаатай болох ёстой. Энэ нь манай улсын чухал бодлого байх юм. Бэлчээрийн даац хэтэрч, байгаль орчин эрчимтэй доройтож, уур амьсгал таамаглахын аргагүйгээр өөрчлөгдөж байгаа зэрэг олон асуудал байна. Гарах гарц, шийдлээ олж чадаагүй л байна. Хөдөө аж ахуйн салбар нь өндөр хөгжсөн, энэ салбараас олон тэрбум ам.долларын экспорт хийж чаддаг улс орнуудын технологийг судалж, суурилуулж, хамтран ажиллана гэдгийг хэлмээр байна” хэмээн тэмдэглэв.

1958 онд мал аж ахуй, газар тариалангийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх бодлогыг өргөтгөж, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал эмнэлэг, зоо техник, агрономийн гэсэн гурван салбартайгаар анх байгуулж байжээ.

Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэх судалгаа шинжилгээний гол төв болсон ХААИС нь өнөөдрийг хүртэл 5523 малын эмч, 6177 мал аж ахуйн мэргэжилтэн, 5116 хөдөө, аж ахуйн инженер, 7765 агрономич, 8154 эдийн засагч, нягтлан бодогчдыг бэлтгэжээ.

Холбоотой мэдээ