Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих асуудлыг буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-11 16:47:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг сонгон улсын тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцлээ.

Хотын Захирагчийн алба, Тохижилт үйлчилгээний холбогдох мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг эхлээд Багахангай болон Багануур дүүргийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж байсан ч нэгд, малын бэлчээр, нүүрсний орд бүхий газруудад таарахгүй, хоёрт, хол газар аюултай хог хаягдлыг тээвэрлэх боломжгүй хэмээн Баянзүрх дүүргийн 24-р хороо буюу Цагаандавааны хогийн цэгийг сонгоод байгаа аж. Гэвч газрын асуудлыг хэлэлцэж байхад Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөө, Эрүүл мэндийн болон байгаль орчин, мэргэжлийн хяналт зэрэг нийслэлийн холбогдох газар, албаныхан байхгүй, байгууламжийн талаарх ТЭЗҮ бэлэн бус байгаа учир Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нийслэлийн хэмжээнд жилд 27 мянгаас 54 мянган тонн аюултай хог хаягдал гардаг бөгөөд Хог хаягдлын тухай хуульд зааснаар аюултай хаягдлыг ангилан ялгахаас гадна нарийн хянаж тээвэрлэн, булж, үйлдвэрийн аргаар устгадаг тул ийм төвлөрсөн байгууламж барих газрыг суурьшлын бүсээс дор хаяж 2-3 км-ын зайд сонгох, тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд мэдэгдэж саналыг авах зэрэг ажлыг хийж мэргэжлийн хяналт дор гүйцэтгэдэг байна. Тиймээс газрыг нарийн сонгох ёстойг НИТХ-ын тэргүүлэгчид Нийслэлийн Захирагчийн алба, Тохижилт, хог хаягдлын хэлтсийн удирдлагад сануулав. НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, “Иргэд оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах учиртай чухал асуудлыг НИТХ-аар оруулж хэлэлцэх гэж байхад гол албан тушаалтан Улаанбаатар хотын ерөнхий менежер нь байлцсангүй. Хууль эрхзүйн талаас энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар тайлбарлах хүн байхгүй, асуудалд хариуцлагагүй хандаж байна” хэмээн шүүмжлэв.


Б.Болд

   Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ