Хотын даргыг томилох асуудлыг ирэх лхагва гарагт хэлэлцэнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-01-11 17:38:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцэхээр тогтож, уг хуралдааныг нэгдүгээр сарын 16-ны лхагва гарагт хийх тогтоолыг НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.

Мөн энэ хуралдаанаар, Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн газрыг сонгох, Багахангай дүүрэгт барих “Хөнгөн үйлдвэрийн технологийн парк”-ийн ТЭЗҮ-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр зарим тэргүүлэгч НИТХ-аар нийслэлийн Засаг даргын асуудлыг даруй хэлэлцүүлье гэсэн саналыг гаргасан юм.

Мөн НИТХ-ын XXI ээлжит хуралдааныг энэ сарын 28-ны даваа гарагт хуралдахаар шийдвэрлэлээ. Ээлжит хуралдаанаар “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр батлах тухай”, “Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын жагсаалт”, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Харин өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх ёстой Багахангай дүүрэгт барих “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн ТЭЗҮ-ийг батлах тухай асуудлаар санал хурааснаар 100 хувь дэмжив. “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн бүтээн байгуулалт нь 15 га газар нутгийг хамарч байгаа бөгөөд 31.5 тэрбум төгрөг шаардлагатай аж. Хөрөнгийн 5 тэрбум гаруйг цахилгаан, дулааны эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөжээ. Парк нь захиргаа, технологи дамжуулах төв, өндөр технологийн үйлдвэрийн болон ноос нооолуурын үйлдвэрийн, мөн арьс ширний үйлдвэрийн, дундын эзэмшлийн гэсэн таван бүс хэсэгтэй байх аж. Нийслэлийн Багахангай дүүрэгт өнөөдрийн байдлаар 1053 өрх, 4040 хүн амьдарч байгаа бол “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийг барьж, ашиглалтад оруулснаар 2020 онд 8000, 2030 он гэхэд 10000 хүн амьдрах нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ