Онцгой обьектыг хамгаалах тухай хуультай болох шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнтэй өнгөрсөн баасан гарагт уулзав. Энэ үеэр Онцгой обьектыг хамгаалах тухай хуультай болох зайлшгүй шаардлага байгааг хөндөн ярилцсан байна.
Тэрбээр, "Дотоодын цэргийн анги байгууллагынхан ихээхэн ачаалалтай, хариуцлагатай ажилладаг. Ард иргэдийн амгалан тайван байдлыг сахиулахаар онцгой обьектыг хамгаалдаг. Энэхүү уулзалтад хэлсэн санал, санаачлагыг бодит ажил болгохоор ажиллана. Тэр дундаа “Онцгой обьектыг хамгаалах тухай хууль”-ийг батлах ёстой гэсэн чухал санаачлагын хүрээнд ажлын хэсэг байгуулж, судлах ажлыг эхлэнэ. Бид хариуцлага, ёс зүй, дэг журмыг бүх шатандаа анхаарч ажиллах ёстой” хэмээн онцлов.
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, "Өнгөрсөн онд дотоодын цэргийн штаб, анги байгууллагуудаас хуулийг дээдлэх, хүний эрх чөлөөг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтлан улсын онцгой обьектыг хамгаалах, нийтийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүргүүдийг зохих түвшинд хэрэгжүүлж ажиллалаа. Цаашид ч энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө бие бүрэлдэхүүн хичээн ажиллах болно” гэв.
УИХ-ын 2017 оны хоёрдугаар сард баталсан Дотоодын цэргийн тухай хуулийг мөн оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хугацаанд Засгийн газраас дээрх хуулийн таван тогтоолыг баталсан. Харин Дотоодын цэргийн штабаас долоон журмын төсөл боловсруулан холбогдох байгууллагуудаар батлуулж алба хаагчдынхаа эрх зүйн орчинг бүрдүүлжээ. Мөн штаб, анги, тусгай салааны алба ажиллагааны чиглэлээр 70 орчим журам, заавар боловсруулж, дотоодын цэргийн командлагч, штабын даргаар батлуулан ажиллаж байна.
Уулзалтын үеэр ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан дараах алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
“Цагдаагийн гавьяа” тэмдгээр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуул, ахлах ахлагч Ж.Эрдэнэбат, ахлах ахлагч Х.Төгсдэрэм нарыг, “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуул, ахлах, ахлагч Н.Баяраа, мөн ангийн үйлчлэгч Х.Хажидмаа, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүл, ахлах ахлагч Д.Баямбадагва,
мөн ангийн харуул, ахлах ахлагч Ц.Батсүх, мөн ангийн үйлчлэгч Ө.Цэрэнжаргал нарыг, хугацааны өмнө “Хошууч” цолоор Дотоодын цэргийн тусгай салбарын их эмч, ахмад М.Ичинноров нарыг тус тус шагнаж урамшуулав.
Дотоодын цэргийн байгууллага нь Улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээс гадна террорист үйлдлийг таслан зогсоох зэрэг тусгай ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй аж.